Москвад вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо нэг сая давжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-16 14:52:30

МОСКВА. /TASS/. Москва хотод вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо нэг сая давсан тухай тус хотын дарга Сергей Собянин пүрэв гарагт мэдэгдэв.

“Москва хотод вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо нэг сая давсан бол хоёр тунг хоёуланг нь 820 мянга гаруй хүн хийлгэжээ. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 45 орчим хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Хотын оршин суугчид вакцины нөөцөөр бүрэн хангагдсан гэдгийг Собянин цохон тэмдэглэв. Одоогоор тус хотын эмнэлгүүд, хэд хэдэн томоохон худалдааны төвүүдэд өдөр бүр вакцинжуулалтын нийт 100 цэг ажиллаж байна.

“Энэ долоо хоногоос эмнэлэгт ирж үйлчилгээ авах боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь вакцинжуулж эхлээд байна” гэж Москва хотын дарга мөн хэлжээ.

Түүнчлэн тэрбээр ирэх зунаас хэвийн амьдралдаа эргэн орж, аялж, зугаалахыг хүсэж байвал вакцинжуулалтыг хойшлуулахгүй байхыг оршин суугчиддаа уриалсан байна.

Холбоотой мэдээ