Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг эмнэлэгт татан авна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-16 21:35:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн цахим хуралдаанаар, халдвар авч гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авах асуудлыг дэмжлээ. 


Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, эндсэн хүний тоо нэмэгдэж буй учир дээрх арга хэмжээг авах нь зүйтэй гэдэгт УОК-ын гишүүд санал нэгдэв. Иймд оюутны дотуур байр, сургуулийн байр, спорт заал, зочид буудлуудын орны тоон судалгааг УОК-ын шуурхай штабаас гаргасны дагуу бэлтгэж, эмнэлгийн тусламжаар үйлчлэх орчныг тухай бүрт бүрдүүлэхээр болов.


Хуралдаанаар, коронавируст халдварын тархалтыг хязгаарлах талаар авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл сонсов. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай Эрүүл мэндийн сайдын саналыг дэмжлээ.


Нийслэлд хүн амын дунд цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдэд эмнэлгийн тусламжаар үйлчлэх үйлчилгээг өргөтгөх чиглэлд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар НЭМГ-ын дарга мэдээлэл өглөө. Иргэд, тээврийн  хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй зохицуулалтын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч тайлан тавив.


ХӨСҮТ-ийн 16 зүслэгт  компьютер, томографийн аппаратыг засварлаж дууссан, хэвийн ажиллах болжээ. Вакцин захиалга, татан авах талаарх улс орнуудтай хийж буй яриа хэлэлцээрийг эрчимжүүлж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд дэлгэрэнгүй танилцуулав.

Холбоотой мэдээ