Махны үнэ буурч, сүүний үнэ нэмэгджээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-30 15:23:00
Хэнтий /МОНЦАМЭ/ Статистикийн хэлтсээс өнөөдөр хүнсний гол бүтээгдэхүүний үнийн өсөлтөд Чингис хотын хэмжээнд хүргэлтийн үйлчилгээ хийж буй 47 байгууллагын аравт нь судалгаа явуулж, дундаж үнийг гаргажээ.
Ингэхдээ төвийн таван дэлгүүр, хотын захын гэр хорооллуудын таван дэлгүүрийг сонгон гуравдугаар сарын 21, дөрөвдүгээр сарын 7-ны ханштай харьцуулан өсөлт, бууралтыг гаргасан байна.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар судалгаанд хамрагдсан дэлгүүрүүдээс “Эрчит луу” болон “Нутгийн дэлгүүр” хонины мах, Жүрж дэлгүүр үхрийн мах борлуулж байна. Эдгээр дэлгүүрүүдийг “ЭВТ” захын хонины махны үнэтэй харьцуулахад 500-1500 төгрөгөөр буюу 3.6-9.6 хувиар хямд, үхрийн мах 2000 төгрөгөөр буюу 13.3 хямд байна.
Харин бусад бүтээгдэхүүний үнийг гуравдугаар сарын 21-нд явуулсан “Номин” дэлгүүр, "Ерэн ес" худалдааны төв, Нутгийн дэлгүүрүүдийн дундаж үнэтэй харьцуулжээ. Ингэхэд Алтан тариа дээд гурил 1кг нь 133 /8.0%/ төгрөгөөр, нэгдүгээр гурил 1кг нь 77 /5.4%/ төгрөгөөр, элсэн чихэр задгай кг нь 79 /3.2%/ төгрөгөөр, “АПУ” ХХК Цэвэр сүү 259 /8.6%/ төгрөгөөр, хятад бөөрөнхий сонгино 161 /5.9%/ төгрөгөөр, өндөг 48 /9.7%/ төгрөгөөр тус тус өссөн байна.
Харин цагаан будаа задгай кг нь 16 /0.6%/ төгрөгөөр, "Жонон" жижиг талх 10 /0.6%/ төгрөгөөр, "Янта" орос ургамлын тос 1л нь 19 /0.4%/ төгрөгөөр, төмс 1кг нь 100 /7.1%/ төгрөгөөр, лууван 1кг нь 44 /2.1%/ төгрөгөөр тус тус буурчээ. Цаашид мэргэжлийн байгууллагууд үнийн өсөлт дээр хяналт тавин ажиллахыг аймгийн удирдлагууд үүрэг болгов.

Холбоотой мэдээ