“All Nippon Airways” хоолны хуванцар сав хэрэглэхээ болино

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-04-26 17:33:35

ТОКИО. /Kyodo/. Японы агаарын тээврийн “All Nippon Airways” компани /ANA/ олон улсын нислэгийн энгийн ангиллын зорчигчдод ирэх наймдугаар сараас эхлэн байгальд ээлтэй саванд хийсэн хоолоор үйлчлэхээр болсноо мэдэгджээ.


Ингэснээр “ANA” нь байгальд хурдан задардаг материалаар хийсэн хоолны нэг удаагийн савыг хэрэглээндээ нэвтрүүлсэн Японы анхны агаарын тээврийн компани болох бөгөөд жилд 317 тонн хуванцар хаягдахаас сэргийлэх төлөвтэй байна. Энэ нь 2020 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд хэрэглэсэн нийт хуванцрынх нь 30 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.


“Хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах бодлогыг Европын орнуудад голчлон хэрэгжүүлэхээр болоод байгаа бөгөөд бидний хувьд ч энэ чиглэлд идэвх санаачлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байна” гэж агаарын тээврийн компанийн төлөөлөгч мэдээлжээ.


ANA” компанийн хэрэглээнд шинээр нэвтрүүлэх хоолны савнуудыг буталсан чихрийн нишингэнээс үлдсэн түүхий эд болох багассагаар хийх ажээ. Тус компани нь одоогоор цаасан хайрцаг хэрэглэж буй дотоодын нислэгүүддээ ийм сав ашиглах эсэхээ хараахан шийдээгүй байгаа гэнэ.


Модон халбага, сэрээ, амархан задардаг соруулыг 2020 оноос хэрэглээндээ нэвтрүүлсэн “ANA” нь хуванцар савыг үйлдвэрлэх, ийм төрлийн хаягдлыг шатаахаас үүдэн гардаг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд хуванцар бүтээгдэхүүний хэрэглээгээ үргэлжлүүлэн бууруулахаар төлөвлөж байгаа ажээ.


Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ 2050 он гэхэд улс орныхоо нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх амлалт өгсөн бөгөөд эхний ээлжид хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2013 оны үеийнхээсээ 46 хувиар бууруулах зорилт тавиад байгаа билээ. 

Холбоотой мэдээ