“Kia”, “SK Innovation” хамтран цэнэг хураагуурыг дахин боловсруулна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-04-29 12:14:35

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Kia” компани, цэнэг хураагуур нийлүүлэгч “SK Innovation” компанитайгаа хамтран цахилгаан хөдөлгүүртэй автомашины дууссан цэнэг хураагуурыг дахин боловсруулна. Ингэснээр үнэт металлуудыг гарган авахаас гадна хаягдлыг бууруулах ажээ.


SK Innovation” нь “Kia”-гийн “EV6” гэх мэт цахилгаан хөдөлгүүртэй загваруудын лити-ион цэнэг хураагуурыг нийлүүлдэг бөгөөд талууд 2020 оны гуравдугаар сард түншилж эхэлснээсээ хойш дууссан цэнэг хураагуурыг ашиглах чиглэлд хамтран ажилласаар иржээ.


Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурын эрэлт өсөж буйтай зэрэгцэн үүнд ашигладаг лити, никель, кобальт зэрэг түүхий эдийн хэрэгцээ ч мөн нэмэгдэх болоод байгаа юм. Түүнчлэн эдгээр нь цэнэг хураагуурын зардлын тэн хагасаас илүү хувийг эзэлдэг байна.


Иймээс цэнэг хураагуурыг дахин боловсруулах нь эдийн засгийн үр өгөөжтэйгээс гадна хөрс болон гүний усыг бохирдуулдаг материалын хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж “SK Innovation” компани мэдээлжээ.


БНСУ-ын Эрчим хүчний яамны тооцоогоор, цахилгаан автомашины дууссан цэнэг хураагуурын тоо 2020 онд 1400 байсан бол 2030 онд 67 мянга, 2040 онд 2.45 саяд хүрэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ