Хатуу хөл хориог шат дараатай сулруулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-05-03 22:10:09
Хэнтий /МОНЦАМЭ/ Шуурхай штабын ээлжит хурлын үеэр иргэдээ дархлаажуулалтад хамруулснаар хатуу хөл хориог шат дараатай сулруулах талаар ярилцав.

Тодруулбал, энэ сарын 6-ны өдрийг хүртэл 50-аас дээш иргэдийг вакцинжуулалтад хамруулах, 8-ныг хүртэлх хугацаанд худалдаа үйлчилгээний салбар, төрийн албан хаагчдыг, тавдугаар сарын 8-ны өдрөөс хойш 18-аас дээш насныхныг хамруулна гэв.
Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид 137 шинжилгээ хийснээс гурван хариу эерэг гарч, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 66 боллоо. Гэхдээ тухайн иргэд өчигдрийн /2021.05.02/ батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болохыг эх сурвалж мэдээллээ. Хатуу хөл хорио тогтоосон учраас хавьтлуудыг тогтоон тусгаарлаж, шинжилгээ авах ажил урагштай байна гэж мэргэжилтнүүд онцлов.
Аймгийн Засаг дарга шинээр батлагдсан тохиолдлуудын халдварыг хумьж, тусгаарлах үүргийг штабын бүрэлдэхүүнд өгсөн. Тэрбээр энэ сарын 8-ны өдөр хүртэл шинэ тохиолдлуудын бүх хавьтлыг тусгаарлан, халдварыг хумьж, хатуу хөл хориог мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтэд тулгуурлан шат дараатай сулруулах болно гэдгээ мэдэгдлээ.
Хэнтий аймагт мэргэжлийн байгууллагуудын 4500 орчим алба хаагчийн хоёр дахь тунг хийсэн. Шинээр 16300 тун вакцин татсан бөгөөд шаардагдах стандартын дагуу хөргүүрийн машин, нөөцийг бэлтгээд байна. Эрүүл мэндийн газраас вакцины татан авалт үргэлжилнэ гэв.
Холбоотой мэдээ