Токиогийн Олимпод оролцох тамирчдыг вакцинжуулж эхэлжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-04-30 15:06:33

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ энэ зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдаа “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.


Солонгосын Спорт, Олимпын хорооны мэдээлснээр, Олимпын тамирчид, дасгалжуулагчдаас бүрдсэн эхний бүлгийн 100 хүн Сөүл хотын Үндэсний эрүүл мэндийн төвд пүрэв гарагт “Pfizer”-ийн вакцин хийлгэжээ.


БНСУ Олимп, Паралимпын наадмыг зорих 931 тамирчин, дасгалжуулагч, ажилтнаа дөрвөн бүлэг болгон тавдугаар сарын 4 гэхэд эхний тун вакцинд хамруулахыг зорьж байгаа ажээ.


Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимп ирэх долоодугаар сарын 23-наас эхлэх бол Паралимпыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа юм.


Энэхүү наадамд оролцох тамирчдад “COVID-19”-ийн вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлага тавиагүй ч боломжтой тохиолдолд вакцин хийлгэхийг зөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ