Зорилтот бүлгийн өрхүүдэд нүүрс олгож байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-30 15:50:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэн тэг зогсолт хийсэнтэй холбогдуулан "Мандал Голомт" ХХК-аас Есөнбулаг сумын зорилтот бүлгийн өрхүүдэд үнэгүй нүүрс олгож байна. 


Тус компаниас нийт 500 тн нүүрсийг үнэгүй олгохоо мэдэгдэж, дөрөвдүгээр сарын 27-нд эхний ээлжийн 120 тн нүүрсийг, өнөөдөр хоёр дахь ээлжийн 50 тн нүүрсийг холбогдох хүмүүст хүлээлгэн өгчээ. 

Алтай хотын дулаан хангамжийн 90 хувийг дангаараа хариуцдаг тус компанийн гүйцэтгэх захирал С.Дарамдадаас нүүрс олголтын талаар тодруулахад:  “Нэгдүгээрт нийгмийн хариуцлагын хүрээнд, нөгөө талаас энэ хүнд цаг үед орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгж, компаниудаа уриалан дуудах өөрсдийн боломж бололцоогоороо цар тахлын хүнд үеийг даван туулахад бага ч гэсэн нэмэр болох үүднээс энэ ажлыг санаачлан зохион байгуулж байна" гэв.

“Мандал Голомт” ХХК нь 500 тн нүүрсийг нэг дор хүлээлгэн өгөхөд хүн хүчний боломж муу байгаа учир ээлж дараатайгаар хүлээлгэн өгөхөөр хурдан шуурхай ажиллаж байна гэлээ. Одоогоор хүлээлгэж өгөөд байгаа 170 орчим тн нүүрсийг Есөнбулаг сумын гэр хорооллын зургаан багийн зорилтот бүлгийн иргэдэд олгох ажлыг Багийн Засаг дарга нар нь гардан зохион байгуулж буй бөгөөд Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын хамт олон шуудайлан бэлтгэж байгаа ажээ.  Энэхүү ажлын хүрээнд нэг өрхөд нэг шуудай буюу 50-60 кг нүүрс олгож байна.

Холбоотой мэдээ