Олимпын наадамд оролцогчдын 60 орчим хувь нь вакцин хийлгэнэ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-03 10:51:41

ТОКИО. /Yomiuri/. Токиогийн Олимпын наадамд оролцох 10 мянган тамирчны 60 орчим хувь нь коронавирусний вакцинд урьдчилан хамрагдана.


Зарим улс орон тамирчдаа “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа юм.  Одоогоор нийт 200 улс орон, бүс нутгийн тал гаруй нь тамирчдаа Токиод ирэхээс нь өмнө дархлаажуулалтад хамруулахаа Олон улсын олимпын хороонд мэдэгдээд байгаа аж. Тийнхүү наадмыг аюулгүй зохион байгуулах боломж улам бүр нэмэгдэж байна.


Тамирчдын дунд халдварт өвчин дэгдсэнээр наадмыг түр зогсооход хүргэж болзошгүй учир вакцин хийлгэхийг Олон улсын олимпын хороо тууштай дэмжиж байгаа юм. Тухайлбал, тамирчид, албаны хүмүүсийг эх орондоо вакцин хийлгэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд ОУОХ Үндэсний олимпын хороодтой хамтран ажиллана хэмээн тамирчдад зориулсан гарын авлагад дурджээ. Гэсэн ч наадамд оролцохын тулд заавал вакцин хийлгэх шаардлага тавиагүй гэдгийг дүрэмд тодорхой тусгасан байна.


Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимп ирэх долоодугаар сарын 23-наас эхлэх бол Паралимпыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа юм. Үүнээс гадна наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид 3 дугаар сарын 20-нд гаргасан. 


Харин Япон үзэгчдийг оруулах эсэх шийдвэрийг халдварт өвчний нөхцөл байдал хэрхэхээс хамаарч ирэх сард гаргах аж.

 

Холбоотой мэдээ