Монгол, Хонконг хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллана

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-05-03 18:55:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас өнөөдөр зохион байгуулсан цахим уулзалтад Үндэсний хөгжлийн газрын болон Хонконгийн InvestHK байгууллагын удирдлагууд оролцож хоёр талын хөрөнгө оруулалтын орчны онцлог, хэрэгжүүлж буй бодлого, компаниудыг дэмжих асуудлаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө татах, цаашид харилцан туршлага солилцох, “Invest in Mongolia” сэдэвт компанит ажлыг Хонконгт зохион байгуулах, эдийн засгийн өгөөжтэй тодорхой төслүүдийг хөрөнгө оруулагч нар танилцуулах талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн, тогтвортой ноолуур, финтек, гарааны бизнесийн арга хэмжээг харилцан суртачилан таниулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.


Мөн InvestHK байгууллагын Гүйцэтгэх захирал Стефен Филлипс мэдээлэл хийж байгууллагынхаа олон улсын бизнесийн тэргүүлэгч статусыг бэхжүүлэх үндсэн чиг үүргийн талаар тодотгож Хонконгийн эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдол бүхий гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх болон удаан хугацаанд хадгалан хөгжүүлэх талаар хийж байгаа ажлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Хонконгт компани байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд компаниудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч дэмжихээ илэрхийлсэн.


Цаашид хоёр тал илүү тодорхой төсөл хөтөлбөрүүдтэй монгол хонконгийн бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагч нарыг хамруулсан уулзатлуудыг хийхээр тохирлоо.

Холбоотой мэдээ