Б.Мөнхчимэг: “Байгууллагаараа монгол бичигтэн хамт олон болцгооё” аяныг зарласан

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-05-05 23:55:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэгтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг “Хятад хэл судлал”, мэргэжлээр суралцаж төгссөн. Боловсролын удирдлагын магистр.

2016 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн БСУГ-ын эх хэлний боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа залуу боловсон хүчин юм. 

 

Хэнтий аймагт хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?

-Монгол үндэстэн оршин тогтнох соёл сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг билээ. Иймээс “Монгол хэлний тухай хууль” 2015 онд батлагдаж, үүний хүрээнд “Улсын хэлний бодлогын үндэсний зөвлөл” байгуулан, 2016 онд аймгийн ИТХТ-ийн 28 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргаар ахлуулсан Хэнтий аймгийн эх хэлний салбар зөвлөлийг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Харин 2017 онд сумын Засаг даргаар ахлуулсан салбар зөвлөлөө 18 сум 5 тосгонд байгуулсан. Жил бүр зохион байгуулсан ажлаа дүгнэж, эргэх холбоотой хамтран ажилласнаар Хэнтий аймгийн эх хэлний салбар зөвлөл нь 2017, 2019, 2020 онд зохион байгуулсан үйл ажиллагааны хэрэгжилтээрээ улсад манлайлж, 140ш “Монгол хэлний журамласан толь бичиг”, 30ш “Монгол бичиг сурах дэвтэр”-ээр шагнуулсан.

 -Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?

-Үндэсний бичиг үсгийн баярыг Шадар билэгт гүн зайсан бичгийн их эрдэмтэн Ч.Бат-Очирын 145 жилийн ойтой уялдуулж, төрж өссөн нутаг Баянхутаг суманд 2019 онд зохион байгуулсан. Харин 2020 онд түүний өссөн нутаг, төрөл төрөгсдийн санаачилгаар Жаргалтхаан суманд түүний амьдрал, уран бүтээлийн туурвилаар үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчлан таниулсан. Энэ жил Мөрөн сумын эх хэлний зөвлөлтэй хамтран, цахим орчноор хамтран ажиллаж байна. Энэ жилийн хувьд бичиг үсгийн баяраа угтан 11 үйл ажиллагаа төлөвлөснөөс цаг үеийн байдлаас улбаалж, 6 ажил нь цахимаар сум бүртээ явагдаж байна. Үлдсэн ажлыг хугацаа хойшлон зохион байгуулна. Энэ бүх олон талт хамтын ажиллагааны үр дүнд Хэнтий аймгийн эх хэлний боловсролын чанар тасралтгүй  ахиж, хувь хүний эх хэл бичиг соёлоо сурах, хөгжүүлэх, хэрэглэх, түгээх үйлс нэмэгдсээр байна. 

Тухайлбал: Цахим орчинд монгол бичгийг хэрэглэх, өөрийн мэддэг зүйлээ өдөр бүр тасралтгүй мэдээлэл оруулж байдаг Хэнтий аймгийн зорилтот 2 бүлгэмийг удирдан ажиллуулдаг МУБИС-ийн 2-р курсийн оюутан С.Сугартаа нийт мянга мянган Хэнтийчүүд болон монгол бичгээ сурах хүсэлтэй хүн бүрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Мөн улсын монгол бичгийн олимпиадын 4 удаагийн аварга багш М.Болор “Үндэсний бичиг-Тэргүүн дээд өв” гэсэн пэйж хаяг хөтлөн явуулж байгаа нь залуу мэргэжлийн багш нарт тустай үйл ажиллагаа болж байна.

-Хэнтий аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна?

-2017-2020 онд олон нийтэд монгол бичгийн анхан болон дунд шатны сургалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил “Байгууллагаараа монгол бичигтэн хамт олон болцгооё” аяныг зарлаж байна. Уг аянд Хэнтий аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллага болон ЕБС, цэцэрлэгийн хамт олон манлайлан оролцох юм. Мөн энэ дундаа байгууллагын бичиг хэргийн ажилтныг нэн тэргүүнд сургах идэвхийг өрнүүлээд байна.

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна?

-Олон нийтийн эх хэл бичгийн зөв хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор танхимын болон онлайн сургалтыг нийт 13026 хүнд зохион байгууллаа. Үүний үр дүнд цахим орчинд кириллээр бичиж, эргэлзээтэй үгийг толь бичгээ харах нийгмийн соёл бий болж байна.

-Манай аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна?

-ЕБС- ийн анхны сурах бичиг болох Ч.Бат-Очирын “Мандах нарны туяа” сургаалын номын талаар 10 мэдээлэл бэлтгэн фэйс хаяг болон хоёр группээр түгээн ажиллалаа. Мөн “Ардын аман зохиолоос суралцъя” аян зарлаж, 27 сургуулийн 15,000 гаруй сурагчид ардын аман зохиолын 4-6 төрлийг цээжлэн, сургууль бүр цахимаар түгээн ажиллалаа.

7.    -Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

-Буриад аялгуу болон дуу шүлэг, үлгэр домог ярьсан нутгийн иргэдийн 9 бичлэгийг олон нийтэд 2 групп /Хэнтий эх хэлний дархлааг цахим орчинд сайжруулъя, Хэнтий аймгийн эх хэлний бодлого/ хаягаар нийт 1000 гаруй хүнд цахимаар түгээн ажилласан.

8.    -Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү? 


-Төрийн байгууллагын гадаад болон дотоод хаягжилтыг монгол бичиг болон кириллээр хослон бичүүлсэн байгаа.

-Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу.

-Багшийн хөгжлийг дэмжих зорилгоор 24 төрлийн 257 цагийн сургалтад давхардсан тоогоор 795 багш хамрагдаж, 24 чадварлаг багшийн туршлагыг түгээн ажиллалаа. Мөн сурагчийн сургалтын чанарыг ахиулах, хүүхдийн хөжлийг дэмжих зорилгоор 39 зорилтот үйл ажиллагаагаар 27780 хүнийг хамруулж, оношилгоо, тандалт судалгаа хийн, цаг үеийн зөвлөгөө зөвлөмж өгөн, ахицыг илрүүлж ажилласан. 

Сүүлийн жилүүдэд улсын төрөлжсөн монгол хэл бичгийн олимпиадаас 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл, 1 тусгай эзэлсэн амжилт үзүүлээд байна. Мөн 2018 онд улсын “Өв уламжлалаа дээдлэгч” оны онцлох сурагчаар ХХЦС-ийн сурагч С.Сугар тодорсон бол 2019 онд улсын “Түгээгч-Тээгч” үндэсний бичгийн масс уралдаанд ТЦС-ийн М.Болор, Хэрлэн-1 сургуулийн М.Сарнай багш нарын бэлтгэсэн анги хамт олон Тэргүүн байр, ТЦС-ийн Т.Оюунтуяа багшийн бэлтгэсэн анги тусгай байр тус тус эзэлснийг сонордуулахад таатай байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ