"Долоогийн бүлэг"-ийн орнууд Парисын гэрээг хэрэгжүүлэх амлалтаа нотолжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2021-05-06 11:55:02

ЛОНДОН. /TASS/. “G7” буюу “Долоогийн бүлэг”-ийн орнууд уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй дасан зохицох тухай Парисын гэрээг хэрэгжүүлэхэд зориулж, жил бүр 100 тэрбум ам.доллар цуглуулах амлалтаа дахин нотоллоо.


Энэ тухай Их Британийн нийслэл Лондон хотод болсон “G7”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.


“Бид 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам.доллар цуглуулах хамтын зорилгоо, түүнчлэн Парисын хэлэлцээрийн дагуу уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг нь багасгах үйл ажиллагааг тэнцвэржүүлэх зорилгоор санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх үүрэг амлалтаа нотолж байна” гэж баримт бичигт дурдсан байна.


Баримт бичигт мөн 2021 онд Глазго хотод болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хурлын өмнө санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт санаачилга гаргахыг уриалжээ. Түүнчлэн уур амьсгалын салбарт хийх санхүүжилтээ нэмэгдүүлэхийг олон улсын хөгжлийн банкууд, бусад төрийн болон хувийн санхүүгийн байгууллагуудад уриалав.


“Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар сүүлийн хоёр жилд анх удаа Лондон хотноо нүүр нүүрээ харан уулзсан юм. Уулзалтад  Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Японы төлөөлөгчдөөс гадна Европын Холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч оролцжээ.


Уулзалтын төгсгөлд баталсан баримт бичиг нь зургаадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Корнуоллын хойг дахь Карбис-Бэй хотхонд болох “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар батлах тунхаглалын үндэс суурь болох юм.


Холбоотой мэдээ