Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-05-08 14:15:58
Хэнтий /МОНЦАМЭ/ Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос тавдугаар сарын наймны өдрийг үндэсний хүмүүнлэгийн өдөр болгон зарлаж, 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага юм.
Аймгийн Засаг даргын зүгээс 2021 оны эхэнд Улаан Загалмайн хороотой Хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Төр- Улаан Загалмайн хорооны Хамтын ажиллагааны зөвлөлийг ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатараар ахлуулан байгуулжээ. Улмаар жилийн төлөвлөгөөт хүмүүнлэгийн ажилд орон нутгийн төсвөөс 30 сая төгрөгийн санхүүжилт олгож хамтран ажиллаж байна.
Бид хүмүүнлэгийн өдрийг угтан "Ковид -19" цар тахлын халдвар бүртгэгдсэн Хэрлэн, Бор-Өндөр, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумын хүнсний хомстолд орсон 400 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь хатуу хөл хорионы энэ үед эзнээ, цагаа олсон шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн тавдугаар сарын 8-ны Хүмүүнлэгийн өдрөөр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Ковид-19” цар тахал орон нутагт батлагдсан энэ амаргүй цаг үед Улаан загалмайн хорооны дэмжлэг туслалцаа, хүмүүнлэгийн ажил үйлс ихээхэн нэмэр тусаа үзүүлснийг энд дурдах нь зүйн хэрэг. Мөнхүү Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин хандив тусламж үзүүлсэн ард иргэд, албан байгууллагууд, ААН-үүд, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг даган хатуу хөл хорионы дэглэмээ мөрдөн гэртээ байсан нийт иргэддээ талархал илэрхийлье.
Хан Хэнтий аймаг, Монгол улс "Ковид-19" цар тахлын халдварыг даван туулж, удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байна. Хүн бүр хичээж вакциндаа хамрагдъя." гэжээ.
Холбоотой мэдээ