Өмнөговь, Дорноговь аймгийг Ногоон бүс болгож, экспортын урсгалаа нэмнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-07 09:20:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгийн ажилтай танилцлаа.


Энэ сарын 7-ны байдлаар нүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүнийг нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүнийг хоёрдугаар тунд хамруулжээ.


Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд 28 аж ахуйн нэгжийн 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Цар тахлын улмаас улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурчээ. Тиймээс экспортыг нэмэхийн тулд энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж байгааг салбарын сайд танилцууллаа.



Засгийн газар экспортыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай бүх ажлыг хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тухайлбал PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэн дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгааг дурдав. Цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэх шуурхай ажил өрнүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгов. Ингэснээр дээрх хоёр аймаг Ногоон бүс болж, энэ хэрээр экспорт хэвийн болох боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна.  


Ерөнхий сайд мөн өдөр Гашуунсухайт боомтын ажилтай танилцлаа. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар 67 мянга гаруй тээврийн хэрэгсэл /54,500, зэсийн баяжмал 9,002, бараа материал 4,200 гаруй/ улсын хилээр нэвтэрсэн байна. Цаашид боомтын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын химлийн боомтын “Ногоон бүс гарц” түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжих саналаа боомтын удирдлагууд танилцуулав. Эдгээрийг судлаж шийдвэрлэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Холбоотой мэдээ