“Pfizer”, “BioNTech” Олимпын наадамд зориулан вакцин хандивлана

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-05-07 09:29:24

ТОКИО. /NHK/. АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компани энэ онд болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдад “COVID-19”-ийн вакцин хандивлахаар боллоо гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв.


“Бид тус хоёр компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд вакциныг Үндэсний олимп, паралимпын хороодоор дамжуулан түгээнэ” гэж ОУОХ пүрэв гарагт мэдээлжээ. 


Үндэсний олимпын хороодоос ирсэн санал хүсэлтээс үзэхэд Олимпын наадамд оролцогчдын дийлэнх нь Японд ирэхээсээ өмнө вакцинжуулалтад хамрагдах төлөвтэй байгаа ажээ.


ОУОХ-ны мэдээлснээр, “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй саяхан утсаар ярих үеэрээ вакцин хандивлахыг санал болгожээ. Тэд өнгөрсөн сард ийнхүү ярьсан юм. Энэхүү яриа хэлэлцээний дараа Японы Засгийн газар ОУОХ-той холбогдох төлөвлөгөөний талаар хуралджээ.


ОУОХ-ны тэргүүн Томас Бах, “Энэхүү хандив нь “Токио-2020” Олимп, Паралимпын наадмыг аюулгүй зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм” хэмээн хэлээд, Олимпын наадамд оролцох тамирчид, төлөөлөгчдөд вакцин хийлгэхийг уриалсан байна. "Та бүхэн вакцин хийлгэснээр вакцинжуулалт нь зөвхөн хувь хүний эрүүл мэнд төдийгүй бусдын сайн сайхны төлөө болохыг тодотгон харуулна" гэдгийг тэрбээр мөн онцлон тэмдэглэжээ. 


"Энэхүү санаачилга нь дэлхий дахины тамирчдад наадамд оролцохоосоо өмнө вакцин хийлгэхэд хувь нэмрээ оруулна. Энэ нь наадмыг аюулгүй зохион байгуулахад ихээхэн ач холбогдолтой билээ. Японы Засгийн газар тамирчдыг вакцинжуулахад туслах чиглэлд хамтран ажиллах болно” гэж Японы Олимп, Паралимпын асуудал хариуцсан сайд Марүзава Тамаё сэтгүүлчдэд пүрэв гарагт мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ