Дүрслэх урлагийн музей: Эмэгтэйчүүдийн гоёл зүүсгэл бэл

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-05-07 09:58:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Г.Занабазарын музейн сан хөмрөгт хадгалж буй монгол эмэгтэйчүүдийн гоёл зүүсгэл бэлийг танилцуулж байна.

 

Монгол эхнэрүүдийн түгээмэл чимэглэл бол уужны хоёр ташаанд унжуулдаг бэл хэмээх дүгрэг хорол зүүлт юм. Халх эхнэрийн бэл нь дээрээ шүрэн голтой эргүүлэгтэй байх ба түүнээс таван өнгийн алчуур унжуулан зүүн талын бэлнээс хөөрөг, тамхины хавтага зүүнэ. Баруун талдаа "таван саваагүй" зүүнэ.

 

Баруун нутгийн ястнууд "таван саваагүй"-д хавтага, утас зүүний хэрэгсэл, чихний ухуур, хумс цэвэрлэгч, шүдний чигчлүүрийг хэрэглэдэг бол халх эмэгтэйчүүд чихний ухуур, хэлний хусуур, хумс засагч, хөмсөг засагч, шүдний чигчлүүрийг оролцуулдаг. Таван өнгийн алчуур нь ургахын улаан нар, баяр баясгалан, цэлмэг хөх тэнгэр, цэнгэг гол мөрөн, газар дэлхийн өнгийг бэлгэдэхийн зэрэгцээ эхнэр хүний бэлхүүсэнд буян хишиг хадгалагдаж байдгийг давхар илэрхийлдэг байна. Мөн тэрхүү таван алчуурыг сааль сүүнд хэрэглэх, гараа арчих, тоос арчих зэрэгт хэрэглэдэг ажээ. Бүсгүй хүний алхаа гишгээний хөдөлгөөнөөр тэрхүү таван өнгийн алчуур намилзан хөдлөх бөгөөд энэ нь эмэгтэй хүний уян зөөлөн намбалаг байдлыг илэрхийлнэ.

 

Бэлийг хорол, хүрд, ланз, загас, луу, матар зөгий, зоч цэцэг, өлзий зэрэг хээ угалзаар хээлэн урлаж, эрдэнийн чулууг шигтгэн тавьж бат бэх дархлан бүтээдэг. Бэлийг дээр нь урласан хээ чимгээр нь зоч, хүрд, өлзий гэхчлэн нэрлэх явдал бий.

Монгол эмэгтэйн гоёл чимэглэл нь улам боловсронгуй болж, хэлбэр, хэмжээний хувьд багаас их гарын болон ур хийцийн хувьд ч төгөлдөржин, үзэмж төгс, урлагийн бүтээл болтлоо хөгжиж ирсэн байна. Гол төлөв утсан сүлжмэлийн аргыг түлхүү хэрэглэж ирсэн байдаг. Энэ нь уран нарийн, тансаг харагдуулна. Мөн шүр, сувд, оюу, номин зэрэг эрдэнийн чулууг нүдлэн тавьж шигтгээлсэн нь алт, мөнгө, ган сийлбэртэйгээ зохицон гоёмсог хийгээд үзэмж төгс урлалыг бий болгож иржээ.


Нөгөөтээгүүр монгол эмэгтэйн гоёл зүүсгэл нь зөвхөн гоёл чимэг бус харин уламжлал, ёс заншил, утга бэлгэдэл зэргийг өөртөө багтаасан байдгаараа нэн онцлогтой. Тухайлбал, Бэр хүн хадам аав, ээжийн дэргэд хэзээд малгай, ууж, сүйх, татуур бэл зэрэг бүрэн өмсгөлтэй байдаг нь ахмадыг хүндэтгэх ёсны уламжлалыг хувцас, зүүсгэлээрээ илтгэж буй хэрэг юм.



 

Холбоотой мэдээ