Вакцины патентыг цуцалснаар цар тахлыг зогсоож чадах уу?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-05-08 13:36:03

Коронавирусний эсрэг вакцины патентын оюуны өмчийн хамгаалалтыг түр хугацаагаар цуцлахаас АНУ татгалзахгүй гэдгийг Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Энэ шийдвэр нь цар тахлын эсрэг нийтийн тэмцэлд тус нэмэр болох хэдий ч Америкийн холбоотнууд болон эм үйлдвэрлэгч компаниудыг тун ихээр гонсойлгож магадгүй. Байден зөв шийдвэр гаргав уу эсвэл?


Вакцины патентын эрхийн үйлчлэлийг зогсоох асуудлаарх хэлэлцээ өнгөрсөн оны намраас хойш сунжирч, улмаар маргаан мэтгэлцээнд Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүн 164 улс татагдан орсон. Харин патент цуцлахыг хамгийн ихээр эсэргүүцдэг АНУ-ын бухимдал гэнэт өгөөмөр сэтгэлээр солигдсоноор нөхцөл байдал өөрчлөгдлөө.


“Цар тахлын онцгой нөхцөл байдал нь онцгой арга хэмжээ авахыг шаардаж байна. Бидний зорилго бол аль болох ойрын хугацаанд, аль болох олон хүнийг аюулгүй, үр дүнтэй вакцинаар хангах явдал мөн” гэж Цагаан ордон мэдэгдлээ.

Харин олохоор төлөвлөсөн мөнгөө алдахаар байгаа эм үйлдвэрлэгч том компаниуд уурсан хилэгнэж байна. Патентыг цуцлах нь вакцины орц найрлагыг олж авахын төлөөх хий дэмий өрсөлдөөнийг үүсгэж, вакцины чанар муудах, үүний улмаас гарган авсан бүтээгдэхүүнд илтгэл алдрахад хүргэх эрсдэлтэй гэж эм үйлдвэрлэгчид анхааруулж байна.  Патентыг хүчингүй болгосноор бусад компаниуд вакцин үйлдвэрлэж эхэлнэ, гэхдээ хүчин чадлыг бий болгох, үйлдвэрлэлийн бүхэл бүтэн процессыг зохион байгуулахад хэдэн жилийн хугацаа орно.


АНУ-ын гаргасан шийдвэрийн дараа вакцины патентын үйлчлэл зогсох уу, энэ нь коронавирустай хийж тэмцэлд эргэлтийн үе болж чадах уу? гэдэг тухайд ВВС-гийн тоймч А.Калмыков ийнхүү дүгнэн бичжээ.


Патент цуцлах хүсэлтийг хэн гаргасан бэ?


Патентыг цуцлах талаар ӨАБНУ, Энэтхэг хоёр өнгөрсөн оны 10 дугаар сард хүсэлт гаргасныг ДХБ-ны гишүүн орнуудын тал орчим хувь нь, голдуу хөгжиж буй улсууд  дэмжиж байна. Түүнчлэн ковидтой тэмцэх бүх технологийг нийтэд хүртээмжтэй болгохын төлөө байгаагаа “Хил хязгааргүй эмч нар” байгууллага, ДЭМБ хоёр илэрхийлсэн ба АНУ байр сууриа өөрчилсөнд тун баяртай байгаагаа ДЭМБ-ын тэргүүн нуусангүй.  “АНУ-ын гаргасан шийдвэрт би баяр хүргэж байна. Энэ шийдвэр нь хүнд бэрх цагт дэлхийн бүх хүнд вакциныг хүртээмжтэй байлгахад түүхэн ач холбогдолтой” гэж Тедрос Аданом Гебреисус хэллээ.

Патент нь оюуны өмчийг хамгаалдаг.  Технологийг гарган авахад мөнгө зарцуулаагүй хэрнээ тухайн технологийг даруйхан олж аваад түүгээр мөнгө олох хүсэлтэй өрсөлдөгчдөөс шинэ технологи гарган авсан зохион бүтээгчдийг түр хугацаанд тусгаарлан хамгаалдаг. Ийм хамгаалалт байгаа учраас эм үйлдвэрлэгч компаниуд патентын эрх үйлчлэх хугацаанд тухайн эм бэлдмэл, вакциныг үйлдвэрлэх онцгой эрхийг авдаг ба хэнтэй, ямар нөхцлөөр түүнийгээ хуваалцах, ашгаа хэрхэн хуваах вэ гэдгээ шийддэг билээ.  


Патентыг цуцалснаар цар тахлыг дарж чадах уу?


Вакцины патентууд ба үйлдвэрлэлийн хүчин чадлын ихэнх нь баян чинээлэг улсуудад төвлөрөөд байна. Эдгээр орнууд өөрсдийн иргэдээ вакцинжуулж дуусах хүртэл бусад улсууд хүлээх, эсвэл өөрсдөө вакцин гарган авах, эсвэл Хятад, Оросын вакцинд найдахаас өөр аргагүй. Ийм учраас бусад улсууд вакцинаа биш юм аа гэхэд технологио хуваалцахыг баян орнуудаас гуйж байгаа юм.  


Халдвар судлаачдын тооцоолсноор, цар тахлыг дарахын тулд хүн амын 70 хувийг вакцинжуулсан байх ёстой, гэтэл дархлаажуулалтын одоогийн хурд тийм ч сайн биш байна.


Одоогийн байдлаар дэлхий даяар 1,2 тэрбум тун вакцин хийгээд байгаа бөгөөд эм үйлдвэрлэгчдийн зүгээс он дуусталх хугацаанд 10 тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ гэж амлаж байгаа юм. Гэтэл 27 баян чинээлэг улс дахь дэлхийн хүн амын 11 хувьтай тэнцэх тооны иргэд нийт тарьсан вакцины 40 хувийг хийлгээд байгаа бол хамгийн ядуу хүн амын 11 хувь нь амьдардаг улс орнуудад эл үзүүлэлт дөнгөж 1,6 хувьтай байна.


Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөний баян чинээлэг 10 хувь нь хамгийн ядуу 10 хувьтай харьцуулахад 25 дахин илүү хурднаар вакцин хийлгэж байна гэсэн үг. Энэ хурдаар бол хөгжингүй орнууд 70 хувийн босгонд 8 дугаар сар гэхэд хүрнэ, харин ихэнх ядуу орнуудын хувьд дахиад 3 жилийн хугацаа шаардагдах нь. 

Мөнгө ихтэй, их сургуулиуд болон эмийн үйлдвэрүүдтэй баян орнууд асар их хэмжээний вакциныг нөөцөлжээ. Эмч нар, нигүүлсэнгүй үзэлтнүүд, улстөрчид тэдгээр улсад хандан, вакцинаасаа хуваалцахыг уриалсаар байна. Тэд НҮБ-ын ивээл дор Covax гэдэг өргөн хэмжээний хөтөлбөрийг санаачилсан боловч үр дүн нь төдийлөн сайн биш байна.


“Бүх улсын эрх баригчид юуны түрүүнд эмнэлгийн ажилтнууд ба өндөр настнуудыг вакцинжуулахыг эрмэлзэж байгаа нь зөв. Харин баян улсуудын эрүүл залуу хүмүүс ядуу улсуудын эмч нар ба хөгшчүүлээс урьтаж вакцин хийлгэж байгаа нь буруу” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлсэн байна.


Патент цуцлахыг хэн эсэргүүцэж байна вэ?


Мэдээж хэрэг, хамгийн түрүүнд эмч үйлдвэрлэгч компаниуд эсэргүүцэж таарна. Тэд патентын хамгаалалтанд ороод нэгэнт дасчихсан бөгөөд түүнийгээ түр хугацаанд ч гэсэн алдаж магадгүй болсондоо тун ихээр дургүйцэж байгаа.


“Нэгэнт тогтсон бодлогыг ингэж огцом эргүүлснээр хүмүүсийг аварч чадахгүй ээ. Ийм хоосон амлалт нь вакцинжуулалтад учирч буй гол саад бэрхшээлүүд, ялангуяа түүхий эдийн хомсдол ба газар дээр нь тарилга хийх ажлыг зохион байгуулахтай холбоотой хүндрэлүүдийг арилгаж чадахгүй” гэж Америкийн эм үйлдвэрлэгчид, бүтээгчдийн холбоо /PhRMA/ мэдэгдсэн байна. 


Үүнтэй ижил байр сууриа Олон улсын эм үйлдвэрлэгчдийн холбоо IFPMA илэрхийлэхдээ, Ж.Байдены шийдвэрийг “хэцүүү асуудлын энгийн шийдлийг олох гэсэн алдаатай оролдлого” гэж нэрлэжээ.  


Патентаар хамгаалагдсан вакцинаараа мөнгө олох гэсэн эм үйлдвэрлэгч компаниудын төлөвлөгөө биелэх эсэх нь тун эргэлзээтэй болж, үүний улмаас вакцин гарган авсан компаниудын хувьцааны ханш Цагаан ордны мэдэгдлийн дараа шууд уналаа.


Патентын эрхийн үйлчлэлийг цуцалснаар компаниуд олохоор төлөвлөж байсан хэт ашгаа алдах төдийгүй өөрсдийн зохион бүтээсэн зүйлээс багахан ч гэсэн орлого олох боломжоо алдаж мэдэхээр байна. Учир нь, бусад компаниуд одоо тэртэй тэргүй хомс байгаа орц найрлагад ордог бодисуудыг олж авахын төлөө өрсөлдөөд эхэлж магадгүй.   


PhRMA холбооны дурдсан хоёрдахь хүндрэлтэй асуудал бол вакцинжуулалтыг зохион байгуулахтай холбоотой юм. Ялангуяа Pfizer вакциныг гүн хөлдөөх шаардлагатай тул тээвэрлэн хүргэхэд бэрхшээл тулгарна. Хөлдөөсөн вакциныг онгоцонд дүүргэн ачаад цар тахалд нэрвэгдсэн ядуу улс орон руу илгээх нь хийх ёстой ажлын дөнгөж хагас нь юм. Харин уг вакциныг олон сая хүний мөрөнд шахна гэдэг бол гол асуудал.  


Америк яагаад бодлоо өөрчлөв?


Үүнд дотоод улс төрийн ба гадаад улс төрийн гэсэн 2 үндсэн шалтгаан бий.


Нэг талаас, АНУ-д вакцинжуулалтын явц саарч эхэлжээ. Вакцин хийлгэхийг хүссэн хүн бүр аль хэдийнэ тариулаад дууссан бол үлдсэн хүмүүсийг бейсболын тэмцээн үзэх тасалбар, шар айраг, мөнгөөр даллан дуудаж, дархлаажуулалтанд хамруулахаар оролдож байна. Үүний сацуу тэгш эрхийн төлөө, дэлхий дахины эрүүл мэндийн төлөө  санаа тавигчдын дуу хоолой улам чанга сонсогдох боллоо. Тэр тусмаа патент цуцлахыг санаачлагч Энэтхэг улсад цар тахлын аймшигт давалгаанд өртсөн үед шүү дээ.


Нөгөө талаас, Д.Трампын “Америк эн тэргүүнд” гэдэг лоозонгийн дор 4 жилийг өнгөрөөсөн АНУ-ыг Ж.Байден дэлхийн тавцанд эргүүлэн авчирч байна. Түүний лоозон бол өөр: “Америк буцаж ирлээ”.  Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс АНУ-ыг гаргах шийдвэрийг цуцалж, Америкийн интернэтийн аварга том компаниуд нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж буй улсдаа татвар төлөхийг дэмжсэн бол одоо эмийн асар том бизнесийнхний эсэргүүцлийг үл хайхран вакцины патентын талаарх маргааныг зохицуулахаар шийджээ. Энэ асуудал үр дүнд хүрэхгүй байлаа ч гэсэн Байден өөртөө аль хэдийнэ оноо цуглуулж чадсан. Ялангуяа Хятад, Орос хоёрын вакцины дипломат бодлого нь тэртэй тэргүй сулраад буй Америкийн зөөлөн хүчийг улам сарниулж байна хэмээн болгоомжилж буй хүмүүстэй мэтгэлцэхдээ оноо цуглуулж чадлаа.  

Барууныхан нөөцөлсөн вакцин дээрээ сууж байх зуур тэдний холбоотнуудад Хятад, Орос хоёр вакцинаа нийлүүлж байна


АНУ-ыг хэн дэмжсэн бэ?


Америк, Европ тэргүүтэй хөгжингүй улсуудын хувьд оюуны өмчийг хамгаалах асуудалд ямарваа нэгэн буулт хийхийн эсрэг байсаар ирсэн. Ийм учраас Энэтхэг, ӨАБНУ хоёрын саналыг хүйтэн хөндий байдлаар хүлээн авсан юм. Ялангуяа Их Британи, Швейцарь, Япон, Герман, Норвеги, Бразил болон АНУ зэрэг эмийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнууд хүчтэй эсэргүүцэж байлаа.


Гэтэл Байдены гэнэтийн мэдэгдлийн дараа зарим улс байр сууриа өөрчлөв бололтой. Европын Холбоо мэдэгдэхдээ, АНУ-ын саналыг авч хэлэлцэхэд бэлэн гэсэн бол тус холбоонд багтдаггүй Норвеги улс “буулт хийхийг эсэргүүцэхгүй” гэдгээ ойлгууллаа. Одоогоор вакцин гарган авч чадаагүй байгаа Франц улс америкчуудыг хоёр гараа өргөн дэмжив.  Харин Герман улс тун дурамжхан байдалтайгаар мэдэгдэхдээ “вакциныг бүх нийтэд хүртээмжтэй байлгахыг дэмжинэ, гэхдээ асуудлын гол нь патентанд бус харин үйлдвэрлэлийн хүчин чадлын хомсдол, чанарын хяналтанд бий” гэжээ.


Асуудал хэзээ шийдэгдэх вэ?


Мөд шийдэгдэхгүй нь. Асуудлыг шийдэхийн тул ДХБ-ын гишүүн бүх 164 улс хоорондоо зөвшилцөх хэрэгтэй болох ба ердийн байдлаар асуудал өрнөлөө гэхэд үүнд хэд хэдэн жилийн хугацаа шаардлагатай. Цар тахал ба Америкийн байр сууриас шалтгаалж энэ хугацаа наашилж болох юм, гэхдээ л хэдэн долоо хоногийн бус хэдэн сарын хугацаа хэрэгтэй.


Хэрвээ Энэтхэг, ӨАБНУ хоёр өөрсдийн анхны шаардлагуудыг эргэн харж, зөвшилцөхийг эрмэлзэх аваас патентыг цуцална гэдгээ Байден илэрхийлсэн нь асуудлыг шийдэхэд ахиц дэвшил гаргахад тус дөхөм болно. Тус хоёр улсын зүгээс цар тахал намжих хүртэлх хугацаанд вакцины патент төдийгүй ковидыг эмчлэх эм бэлдмэл, тоног төхөөрөмжийн патентууд, мөн клиник туршилтын өгөгдлүүдээ ч өгөхийг хүсчээ. Харин Байден зөвхөн вакцины патентаас түр хугацаанд татгалзах саналыг дэвшүүлж байгаа юм. 


ДХБ вакцины патентын талаарх шинэ саналыг 8-9-ний өдрүүдэд албан ёсоор хэлэлцэхээр төлөвлөж байна. Улс орнуудын түвшинд тохиролцлоо ч гэсэн компаниудын хувьд дотоодын болон олон улсын гэрээг зөрчсөн гэх асуудлаар шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа бөгөөд эл тохиолдолд үйл явцыг саатуулж, тэр ч бүү хэл эсрэгээр нь эргүүлж ч мэднэ. Нөгөөтэйгүүр, оюуны өмчийнхөө хамгаалалтыг түр боловч хугацаанд алдах аюул нүүрлэсэн нь эм үйлдвэрлэгч компаниудыг улам эрчимтэй ажиллахыг шахаж шаардана. Мөн вакциныг аль болох богино хугацаанд дэлхийн бүх хүнд хүртээмжтэй болгох гэсэн гол асуудлыг шийдэх өөр бусад гарцыг эрэн хайхад барууны орнуудыг хүргэж магадгүй.   

Б.Адъяа

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-56985699

 

 

Холбоотой мэдээ