Коронавирусний халдвар авсан 15 иргэн бүрэн эдгэрлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-08 17:38:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 626 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдвар авсан хүний тоо 18-аар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 190 боллоо. 

Тохиодлуудыг байршлаар нь авч үзвэл аймгийн төв буюу Есөнбулаг суманд 120, Хөхморьт суманд 12, Тайширт 49, Жаргаланд 4, Цээлд 1, Төгрөгт 2, Эрдэнэд 3 тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 156 буюу 82,1 хувь нь хөнгөн, 17 буюу 8,9 хувь нь хүндэвтэр байгаа бол хоёр хүний биеийн байдал хүнд байгаа тухай Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа танилцууллаа. 

Коронавирусний халдварын улмаас дөрөвдүгээр сарын 24-нөөс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэдээс 15 хүн эдгэрчээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 17911 иргэн вакцины эхний тун, 2845 иргэн давтан тунгаа хийлгэсэн байна.


Холбоотой мэдээ