Улиастай суманд тогтоосон хөл хориог сунгаж, дархлаажуулалтыг идэвхжүүлнэ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-05-10 19:36:05

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд тогтоосон хатуу хөл хориог сунгалаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Улиастай суманд коронавирусний сүүлийн хоёр тохиолдол батлагдсанаас хойш 14 хоногийн хугацаанд зайлшгүй хөл хориог үргэлжлүүлэх. Дархлаажуулалтаа үр дүнтэй болгох шаардлагатай гэж үзлээ. Тиймээс өнөөдрийн хурлаар Улиастай сум доторх хөл хориог тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа.

Харин Улаанбаатар хот болон бусад аймаг, суманд хөл хорионд орсон иргэдэд дараах шаардлагыг тавьж нэг удаа нэвтрүүлэхээр шийдвэрлэв. Тухайлбал Улиастай хотоос бусад сум руу явах иргэд очих сумынхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авсан байх. Вакцины эхний тунгаа хийлгэсэн байх. Түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ өгч, Улиастай суманд 14 хоногийн хугацаанд буцаж ирэхгүй байх.

Харин бусад сумаас Улиастай суманд ирэх иргэд Улиастай сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авсан байх. Мөн вакцины эхний тунгаа хийлгэсэн байх, Улиастай сумаас 14 хоногийн хугацаанд буцаж гарахгүй байх. Түүнчлэн Улаанбаатар хот болон бусад аймгаас Завхан аймагт ирэх иргэд очих сумынхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Мөн вакцины хоёр тунд хамрагдсан байх, бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоноогүй бол заавал PCR шинжилгээ өгсөн байх ёстой.

Завхан аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу явах иргэд вакцинаа заавал хийлгэсэн байх. 14 хоногийн хугацаанд буцаж ирэхгүй байх шаардлагатай. Эдгээр журмын дагуу та зорчиж болно. Харин сумын Онцгой комисс хүлээж авсан иргэн бүртээ хатуу хяналт тавьж ажиллана. Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байгаатай холбоотой ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын давтлагыг нэг ангид дээд тал нь 10 хүүхэдтэйгээр хичээллүүлнэ. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж зохион байгуулна” гэв.

Ташрамд Улиастай суманд тогтоосон хатуу хөл хориог 11-ний өдөр хүртэл тогтоогоод байсан билээ. 

Холбоотой мэдээ