Time: Дэлхийн II дайны талаарх 5 ташаа ойлголт

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-05-11 12:21:56

Дэлхийн II дайны баруун фронтод байлдаан дуусч, 1945 оны 5 дугаар сарын 8-нд Герман бууж өгснөөс хойш хэдийнэ 76 жил өнгөрсөн боловч өнгөрсөн дайнтай холбоотой маш олон төөрөгдөл, ташаа ойлголтууд одоо ч амь бөхтэй хэвээр байна.


Иймээс TIME  сэтгүүлийн редакц дэлхийн II дайны Үндэсний музейн түүхч, дайны түүхээр мэргэшсэн профессор, дайны сэдвээр 10 ном бичсэн Роб Ситино-д хандан “ Та чухам ямар эндүү ташаа ойлголтуудыг засаж залруулахад илүү цаг завыг зориулсан бэ?” гэсэн асуултыг тавилаа.  


“Дэлхийн II дайнд оролцсон сая сая хүмүүс, дайнд амиа алдсан сая сая хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх үүднээс чухам яагаад дайн дэгдсэн бэ гэдгийн учир шалтгааныг маш нухацтай судлах ёстой” гэж профессор Ситино хэлээд өнгөрсөн дайны талаар олон нийтийн дунд хамгийн түгээмэл тархсан 5 ташаа ойлголтыг залруулсан юм.


Ташаарал 1: Перл-Харбор руу довтлох гэж буйг Ерөнхийлөгч Ф.Рузвельт урьдаас мэдэж байсан


Энэ бол хамгийн ноцтой ташаа ойлголт бөгөөд мэргэжлийн замналынхаа ихээхэн хэсгийг би уг төөрөгдлийг арилгахад зориулсан гэж хэлж болно. Япончууд Перл-Харбор руу довтлохоор зэхэж буйг Ф.Рузвельт урьдчилаад мэдэж байсан боловч 2500 америк цэргийн аминд хүрсэн уг дайралтыг няцаалгүй зөнд нь орхисон гэх эндүү ойлголт маш түгээмэл байдаг. Хамгийн элий балай гэмээр хуйвалдааны онолууд хүмүүст маш их таалагддаг гэдгийг би мэднэ. Гэтэл үнэн хэрэг дээрээ, Рузвельт дайралтын талаар урьдаас мэдэж байсныг нотлоход ядаж сэжүүр болохоор ямар ч баримт байдаггүй. 

Засварлагчид буюу ревизионистууд гэж нэрлэж болохоор хэсэг эрдэмтдийн зүгээс “Рузвельт биднийг тойруу замаар дайнд татан оруулсан” гэх онолыг дэвшүүлсэн нь бий. 1982 онд хэвлэгдсэн Жон Толанд-ын номонд “усан цэрэг –Z”-ийн тухай дурддаг бөгөөд тэр цэрэг Перл-Харбор руу хийх гэж буй дайралтын талаарх мэдээллийг аваад захирагч дарга нартаа өгсөн боловч тэд огт хайхраагүй орхисон тухай өгүүлдэг. Тэгэхээр үүний хариуд би нэг зүйлийг хэлье. Тагнуулын асар олон мэдээлэлд үндэслэн бүрэн зураглалыг бий болгоно гэдэг бол санасны зоргоор хийчихдэг тийм амархан ажил биш ээ. Радиодолгионоор нэг сая мэдээлэл дамжлаа гэхэд 999 мянган нь зүгээр л эфир дэх шуугиан л байдаг. 


Ташаарал 2: “Цөлийн үнэг” хочит Эрвин Роммель бол бүх цаг үеийн түүхэн дэх Германы хамгийн агуу генерал байсан.


Энэ бол жинхэнэ эндүү ташаа ойлголт.


Тэрбээр дэлхийн I дайны үед уулын явган цэргийн хороонд алба хашиж байжээ. Цэргүүд давааны араас гэнэт гарч ирж, хүчтэй довтолсноор дайснаа балмагдуулан гарцгүй болгодог тактикийг тэрбээр үнэхээрийн гаргууд эзэмшсэн байв. Үүнийх нь төлөө Роммелийг Америкийн Хүндэтгэлийн одонтой дүйцэхүйц медалиар шагнаж байжээ.


Дэлхийн хоёр том дайны хоорондох үед тэрбээр цэргийн сургуульд багшилж байв. Нэгэн удаа санамсаргүй байдлаар Гитлерийн нүдэнд өртсөнөөр Роммель нэр алдартай болсон гэдэг. Тэрбээр Хойд Африкт байрлаж байсан Германы цэргийн Африкийн корпусын дивиз командлан захирагчаар томилогджээ. Огцом маневр хийх, гэнэт хүчтэй довтлох, шөнийн цагаар цэргүүдээ шилжүүлэн байрлуулах зэрэг ажиллагааг генерал Роммель маш чадварлаг зохион байгуулж, дайсныг балмагдуулан сандаргадаг байсан учраас түүнийг “Цөлийн үнэг” гэж нэрлэх болсон ажээ. 

Гэсэн хэдий ч тэрбээр ганц ч удаа дорвитой ялалт байгуулж байгаагүй юм. Жишээ нь, генерал Роммель Суэцийн сувагт хүрч чадаагүйг хэлэх хэрэгтэй. Учир нь, тэрбээр ар талын алба – логистикийн сүлжээг төдийлөн хайхардаггүй хүн байжээ. Логистик, ар талын хангамж бол өөрт нь хамаагүй, бусдын хариуцах асуудал гэж үздэг байв. Гэтэл цөлийн нөхцөлд материал-техникийн хангамж гэдэг бол хамгийн чухал зүйл билээ. Лонх ус, ширхэг сум, нөөцөнд байгаа нэг танкийг ч гэсэн Европоос Газар Дундын тэнгисээр дамжин Хойд Африкт тээвэрлэн авчирч байв. Ар талын хангамж гэдэг бол орчин үеийн дайны урлаг мөн. Энэ бол хөдөөгийн районуудад цэргийн хүчийг шилжүүлэн байрлуулахтай огт адилгүй. Генерал Роммель хүчийг шилжүүлэн байрлуулахдаа гаргуун байсан боловч удирдлагын тал дээр тийм ч сайн байсангүй. Түүний удирдсан сүүлчийн ажиллагаа нь 6 дугаар сарын 6-нд Нормандид буусан холбоотны десантын цэргийн хүчинд цохилт өгөхөд чиглэсэн боловч тэрбээр бүрэн ялагдал хүлээсэн нь үнэн.


Ташаарал 3. Дайнд Германд улс ялагдсаны цорын ганц буруутан нь Гитлер


Европт хэвлэгдсэн дайны тухай бүх номын 90 хувьд нь өгүүлэхдээ, германчуудын гаргасан бүх алдаа, бүх буруу шийдвэр, бүх бүтэлгүй давшилтууд нь зөвхөн Гитлертэй холбоотой гэдгийг дурдсан байдаг. Гитлерийг би буруутгадаг. Тэр бол дэлхийн II дайныг эхлүүлсэн, еврейчүүдийг хоморголон устгах санааг анх сэдсэн хүн. Үүнд эргэлзэх огт хэрэггүй.


Гэхдээ Германы армийн гаргасан бүх алдаатай шийдвэрийн төлөө Гитлер хариуцлага хүлээх ёсгүй. Учир нь, Германы арми ухаан мадаггүй муйхар давшилт явуулж байх тэр үед түүний генералууд нь түүнтэй цаг үргэлж хамт байсан. Германы бахархлыг сэргээнэ гэж амласан Гитлер тэдэнд таалагддаг байсан. Тэрбээр засгийн эрхэнд гараад улс орноо зэвсэглэж эхэлснийг тэд дэмжин таашааж байлаа. Эдгээр офицеруудын хувьд албан тушаалын шатаар ахих шинэ боломж гарч ирсэн. Гэтэл 1920-1930-аад онд ийм боломж огт байгаагүй билээ.

Дайны дараа Германы генералуудын бичсэн дурсамжинд өгүүлэхдээ “Гитлер бид бүгдийг аюул руу түлхэн оруулсан” гэсэн байдаг. Гэхдээ тэд эцсээ хүртэл Гитлерт үнэнч байж, түүний төлөвлөгөөг ид хавтайгаар хэрэгжүүлж байснаа мартчихжээ. Германы генералууд дэлхийн II дайныг өдөөснийхөө төлөө, ялах боломж өчүүхэн ч үлдээгүй байсан тэр үед дайн үргэлжилсээр байсны төлөө томоохон хариуцлага хүлээх ёстой.


Ташаарал 4. Япончууд Перл-Харбор дахь нефтийн агуулахуудыг устгасан бол дайнд ялах байсан


Ийм яриаг би байнга л сонсож байдаг. Япончуудын хувьд, нефть хадгалах савууд, боомтын байгууламжууд руу дайрах нь зүйтэй байсан гэж олон шинжээч баталдаг.


Гэхдээ ингэлээ гээд америкчуудын ялалт ердөө хэдхэн сараар хойшлогдох байсан гэж би боддог. Япончууд Америкийг эзлэх гэж эрмэлзээгүй шүү дээ. Тэд Калифорни хүртэл сэлж очоод, эрэг дээр гарч дайтаж чадах байсан гэдэгт би огт итгэдэггүй. Японы хувьд ердөө хязгаарлагдмал дайн хийхийг хүссэн. Тэд манай флотыг устгаад, биднийг флотоо сэргээн босгох гэж байх зуур Номхон далайд Америкийн оролцооноос ангид томоохон эзэнт гүрнийг байгуулахыг хүсэж байсан. Бид байлдахад бэлэн болох тэр үед Японы хамгаалалтын шугам маш хүчирхэг болчихсон байсан бөгөөд АНУ Номхон далай дундуур өөртөө хүчээр зам гаргахаар зориглож чадахааргүй байлаа.

Цэлмэг тэнгэрээс аянга ниргэхтэй адилтгаж болох япончуудын гэнэтийн дайралт нь Номхон далай дундуур өөртөө зам гаргахын тулд америкчууд бүхнийг хийхэд бэлэн байсан, ямар ч хохирол хүлээхээс буцахгүй байсныг гэрчилж байна. Нефть хадгалах савуудыг бөмбөгдөх нь зөв байсан гэх мэтийн асуудлаас хамаагүй илүү өргөн цар хүрээтэй үйл явц тэр үед өрнөж байлаа. Учир нь, бид нефть хадгалах байгууламжуудаа сэргээн босгоод, хэзээ нэгэн цагт Японд хариуг нь өгөх л байсан.   


Ташаарал 5. Дайнд эргэлтийн үе гарч байсан


Дэлхийн II дайны түүхтэй холбоотой дүгнэлт гаргалгаануудыг та унших аваас дайнд гарсан “эргэлтийн үе”-үдийн тухай олонтоо дурдсан байхыг анзаарах болно. Зарим хүмүүсийн дүгнэснээр, Номхон далайд гэхэд ийм эргэлтийн үе 1942 оны 6 дугаар сард тохиосон бөгөөд тухайн үед Америкийн тэнгисийн цэргийн хүчин Японы нисэх онгоц тээгч 4 хөлөг онгоцыг живүүлжээ. Үүний зэрэгцээ Сталинградын тулалдаанаар дайнд эргэлт гарсан гэж баталдаг хүмүүс олон бий. Германчууд ЗХУ-ын нутгийн гүнд цөмрөн ороод байсан үе буюу 1942 оны 11 дүгээр сард Зөвлөлтийн цэргүүд сөрөг давшилтанд орж, Сталинградын орчимд Германы томоохон армийг бүслэн авсан билээ. Мөн зарим хүмүүсийн үзэж байгаагаар, 1943 оны 7 дугаар сард болсон Курскийн тулалдаан бол дайнд эргэлт гаргасан үйл явдал ажээ. Түүнчлэн цөөнгүй хүний баталснаар, 1944 оны 6 дугаар сарын 6-нд Холбоотны цэргийн десант Европт буусан нь дэлхийн II дайнд гарсан жинхэнэ эргэлт мөн болой. Харин оросууд энэ дүгнэлтийг няцаадаг бөгөөд учир нь, десант буух үед тэд германчуудтай бүхэл бүтэн 3 жилийн турш байлдчихаад байв.    

Тэгэхээр дэлхийн II дайнд ийм олон удаа эргэлт гарч байсныг тооцож үзвэл, миний бодлоор “эргэлтийн үе” гэж огт байгаагүй мэт санагдана. Дэлхий дахиныг хамарсан асар өргөн хэмжээний, нарийн түвэгтэй үйл явц өрнөж байх үед ямар нэгэн эргэлтийн үеийн талаар ярих нь тухайн үйл явдлыг хэтэрхий хялбарчлан ойлгож буй хэрэг гэж би үздэг. 


Б.Адъяа

Эх сурвалжууд: https://time.com/6045753/v-e-day-wwii-myths/

https://inosmi.ru/social/20210509/249682388.html

Холбоотой мэдээ