Г.Чинбат: Говь-Алтай аймаг улсдаа анхны "Хос бичигтэн аймаг" болно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-13 11:49:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга, Засаг даргын орлогч Г.Чинбаттай эх хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ямар ажил төлөвлөн хэрэгжүүлж буй талаар ярилцлаа. 


-Саяхан Үндэсний Статистикийн хорооны судалгаагаар Говь-Алтай аймаг улсын хэмжээнд, хос бичгээр төрийн албыг хөтлөхөд бэлэн гэж 75,7 хувьтай гарсан мэдээ байна. Иргэдийнхээ эх хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд тодорхой бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа талаар?

-Аймгийн Засаг даргын захирамжаар Хэлний бодлогын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан. Энэхүү ажлын хүрээнд 2021 оныг “Үндэсний бичигтэн аймаг” болох томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж, аймгийн хэмжээнд монгол хэл, бичгийн 130 багш  4154 төрийн албан хаагчдад гурван үе шаттайгаар сургалтаа зохион байгуулж байна. Одоогоор алба хаагчид хоёрдугаар шатны сургалтаа дүүргэж байна. Үр дүнд нь өнөөдөр бүх төрийн албан хаагчдын эх хэлний мэдлэг чадвар дээшилж хичээнгүй бичиж, уншиж байгаа. Говь-Алтай аймгийн хэмжээнд төрийн албан хэрэг хөтлөх хэвлэмэл хуудсыг гуравдугаар сарын 1-нээс үндэсний бичиг болон кирилл үсэгтэй болголоо. Аймгийн Засаг даргын айлтгал, мэндчилгээ зэрэг хүндэтгэлийн албан бичгээ цахим орчинд үндэсний бичгээр дагнан гаргаж байна.

-2025 оноос гэсэн хуулийн заалтын хугацааг хүлээлгүйгээр төрийн албан харилцаагаа Говь-Алтай аймаг хос бичгээр хөтлөн туршиж эхлээд, улсын хэмжээнд анхдагч боллоо. Энэ шийдвэрийг хэрхэн, хаанаас гаргаж ажиллах болов?

-Аймгийн Засаг даргын санаачилгаар 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө соёлын салбарт хийх томоохон зорилтын нэг бол эх түүх, ёс заншлаа дээдлэн өвлүүлэн үлдээх, хөгжүүлэхээр зорьж, үндэсний бичиг үсэгтэй аймаг болох, угийн бичгээ айл өрх бүр хөтөлдөг байх, орон нутгийнхаа түүх, ард иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа эртний ховор нандин судар бичиг, эд өлгийн зүйлийг гэрчилгээжүүлэх зэрэг үйл ажиллагааг төлөвлөн  ажиллаж байна. 

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах шинэ шатанд хүрэх ёстой. Манай аймаг 2021 оноос бүх нийтээр хос бичигтэн болох зорилго тавьж, аймгийн хэмжээнд үндэсний бичиг, соёлыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлж нээлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 22-нд зохион байгуулсан. Монгол үндэсний хэл, бичиг соёлоо сурч, судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх  ажлыг шат шатны удирдлагуудад аймгийн Засаг даргын албан даалгавар хүргүүлсэн.

Тодруулбал, албан байгууллага аж ахуй нэгжийн хаягийг стандартын дагуу шинэчлэх, албан хэрэг хөтлөх хэвлэмэл хуудсыг хосолмол бичгээр хэвлүүлэх, Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг байгууллага хамт олноороо "Монгол бичигтэн" болох ажлуудыг шат дараатай хийх юм.

Говь-Алтай аймаг улсдаа анхны хос бичигтэн аймаг болж, төрийн бүх байгууллагын хаяг, гудамж талбайн рекламны самбар, нэрийн хуудас, албан өрөө тасалгааны хаяг зэргийг үндэсний бичиг болон кирилл үсгээр хослуулан бичих ажлыг эхлүүлээд байна. 

-Туршилтын хугацаа хэзээ болтол үргэлжлэх вэ? Одоогоор явц ямар байна?

-Төрийн албан хаагчдын монгол хэл бичгийн сургалтыг гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн 3 үе шатттай зохион байгуулж, хамгийн сүүлчийн үе шат болох ахисан түвшний сургалтыг 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусгаж ажлаа дүгнэх болно. Сургалтын хугацаанд идэвхжүүлэх олон хэлбэрийн ажлыг зохион байгуулна. Үүнд:

-Үндэсний бичигтэн сум, байгууллага, хамт олон, хувь хүн шалгаруулна.

-Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан цэвэр, хичээнгүй бичигтэн болон уран бичлэгийн уралдааныг зарлаж мөн есдүгээр сард монгол бичгийн олимпиад зохион байгуулна. 

-Хос бичгээр хөтлөн явуулахад бэрхшээлтэй зүйл тохиолдож байгаа юу?

-Үндэсний бичиг үсэг өвөг дээдсээс минь өвлөгдөн ирсэн олон жилийн түүхтэй үндэсний тусгаар тогтнолыг илэрхийлсэн үнэт өв учраас бүх төрийн албан хаагчид шийдвэрийг элгэмсүү дотноор хүлээн авч, амжилттай суралцаж байна. ЕБС-ийн монгол хэл, бичгийн болон сайн дурын 130 гаруй сургагч багш нийт 60 гаруй томоохон албан байгууллага, аж ахуйн нэгж мөн 18 суманд хүрч ажиллаж байна. Одоогоор өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд ямар нэгэн саад бэрхшээл алга байна. 

-Хос албан бичгийн стандартын хувьд батлагдсан зүйл бий юу? Хэрхэн зохицуулж байна вэ? Үсгийн фонд, хэмжээ гээд стандартын тодорхой зүйлүүдийг тусган ажиллаж байгаа байх?

-Хос албан бичгийн стандарт улсын хэмжээнд батлагдаагүй байгаа тул албан хэрэг хөтлөлтөд шууд нэвтрүүлж болохгүй байна. 2021 оныг анхны “Үндэсний бичигтэн аймаг” болох зорилтоо ханган биелүүлж ажиллахыг зорьж байна. 

-Цаашдын төлөв, стратеги ямар байх вэ? Хуулиар бол дан монгол бичгээрээ хөтлөөд явахыг ч хориглоогүй шүү дээ?

-Цаашид 2022 он гэхэд төрийн албан хаагч төдийгүй ард иргэдэд үндэсний бичгээ сурах томоохон ажлуудыг эхлүүлж, 2023 онд Хантайшир уулын аймаг үүсгэн байгуулсны 100 жилийн ойдоо аймгийн ард иргэд төрийн албан хаагчид, бүх нйитээрээ үндэсний бичиг үсэгт бүрэн суралцсан аймаг болохыг зорьж байна. 

-Ярилцсанд баярлалаа, цаашдын ажилд тань амжилт хүсье.



Холбоотой мэдээ