Аймгийн Онцгой комиссоос шуурхай мэдээлэл хийлээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-05-11 17:53:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 11-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл тархсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шуурхай мэдээлэл хийж, тайлбар өглөө.

Цэргийн удирдах бүрэлдэхүүний төлөөлөл 4 хүн Улаанбаатар хотоос өчигдөр гарч, Өмнөговь руу явах замдаа 23:00 цагийн үед тус аймгийн Цагдаагийн газрын ажил байдалтай танилцаж, зарим алба хаагчидтай уулзжээ.

Эдгээр дөрвөн хүн коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэж, түүнээс хойш 20 хоног өнгөрсөн байсан бөгөөд замд гарахаасаа өмнө давхар PCR шинжилгээ өгч, нэг хүний шинжилгээний хариу гараагүй байхад замд гарсан байна.

Харин тавдугаар сарын 11-ний өглөөний 5 цагийн үед шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг мэдэж, аймгийн ЭМГ-т мэдэгдсэний дагуу аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээ авч байгаа аж.

Халдвартай нь батлагдсан нэг хүнийг буцааж Улаанбаатар хотод хүргэжээ. Ойрын хавьтал болох 22 хүнийг тусгаарлаж, дам хавьтлуудыг тодорхойлох ажлыг зохион байгуулж байгаа ба батлагдсан тохиолдол постоор орж ирээд өөр газраар яваагүй гэдгийг аймгийн Онцгой комисоос мэдээллээ. 

Холбоотой мэдээ