Төсвийн хүрээний мэдэгдэл батлагджээ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-05-14 15:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталжээ(2021-5-12). Тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан  дээрх хуулийг  боловсруулсан байна.


Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2022 онд 13,206.4 тэрбум төгрөг, 2023 онд 14,515.2 тэрбум төгрөг, 2024 онд 15,958.4 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцсон байна. Харин зарлага ба цэвэр зээлийн дүнг 2022 онд 14,852.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь,  2023  онд 15,925.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 31.6 хувь, 2024 онд 17,113.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 29.6 хувьд хүрэх төсөөллөөр тооцжээ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд урсгал  зардлын дээд хязгаарыг ДНБ-д  эзлэх  хувь  хэмжээтэй  харьцуулж тооцвол 2022 онд 24.8 хувь, 2023  онд 24.0 хувь, 2024  онд 22.0 хувьтай тэнцэхээр байгаа юм байна.


Алт, зэс, нүүрсний экспортын хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнээс  хамааралтай хэвээр байгаа гэж Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөллийн танилцуулгад онцолжээ. Зэс, нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр 2020 оны эхний хагаст 2019 онтой харьцуулахад харьцангуй буурсан ч, сүүлийн хагасаас эхлэн тогтмол нэмэгджээ. Зэсийн үнэ тонн тутамдаа 6,168.5 ам.доллар, боловсруулаагүй коксжих чанартай нүүрс тонн тутамд 74.2 орчим ам.долларт хэлбэлзсэн байна.


Харин 2021 оны эхний 3 сард Лондоны металлын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 8,478.6 ам.доллар хүрсэн байх юм. Харин БНХАУ-ын зах зээлд борлуулагдаж байгаа коксжих чанартай нүүрсний үнэ тонн тутамд 130.0 – 150.0 орчим ам.долларт хэлбэлзэж байна хэмээн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023,2024 оны төсвийн төсөөллийн танилцуулгад дурдсан байна.


    Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацааны өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж Засгийн газар тооцжээ.


Макро эдийн засгийн 2022-2024 оны төсөөллийн тухайд 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн төвшинд буюу 6 орчим хувьд хүргэх зорилт тавьжээ. Оюутолгойн далд уурхай, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, “Залуус” I, II, III хороолол, цэвэрлэх байгууламж зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт, барилга, угсралтын ажил эрчимтэй явагдаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой гэнэ. Цар тахал (КОВИД-19)-ийн дараа манай улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын эдийн засаг хурдтай өсөх бололтой. Энэ нь манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт, үнэ тогтвортой, өндөр байх нөхцөл бүрдүүлэх магадлал өндөр байна гэсэн үг.


Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хүү багатай, хямд эх үүсвэртэй зээл олгохын зэрэгцээ гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, бараа нийлүүлэлт, татан авах үйл явц хялбар, шуурхай болж, бизнесийн зардал буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт буурах төлөвтэй байна гэж Засгийн газар үзсэн байна. Инфляцын төвшин  2022-2024 оны хооронд  6 орчим хувьтай байх аж.  


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ- чуулганы нэгдсэн  хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжиж  баталжээ.

 

Холбоотой мэдээ