Нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн хуралдлаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-13 09:42:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 9-нд зохион байгуулахаар товлосонтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнтэй санал солилцож, уулзав.


Нийслэлийн хэмжээнд 457 хэсгийн хороонд 3793 төрийн алба хаагч ажиллахаар томилогджээ.

Энэ удаагийн сонгууль коронавируст халдварын үеэр зохион байгуулагдах тул цар тахлаас урьдчилан сэргийлэх журам боловсруулж батлуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болголоо.


Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл хангуулах, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг дүүргийн Засаг дарга, холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов. Энэ нь нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлнэ.


Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөллийг оруулжээ. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргаа, төрийн үйлчилгээний алба хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулж байгаа нь энэ жилийн сонгуулийн онцлог аж.

 

Холбоотой мэдээ