Эллен Деженерес нэвтрүүлгээ зогсоохоор болжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-13 12:48:26

НЬЮ-ЙОРК. /The Hollywood Reporter/. Америкийн жүжигчин, телевизийн хөтлөгч Эллен Деженерес 19 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгосон шоугаа ирэх онд дуусгахаар болжээ.


“Уран бүтээлч хүнд төвөгтэй шийдвэр гаргах шаардлага байнга гардаг. Энэ шоу нь хөгжөөнтэй, гайхалтай шоу хэдий ч миний хувьд сорилт байхаа больсон. Цаашид юу хийх талаар бодоогүй байгаа ч кино салбарт хүчээ үзнэ” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн байгаль орчны асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдсэн байна.  


Ялгаварлан гадуурхах хандлага ажиглагдах болсонтой холбогдуулан “Эллен Деженересийн нэвтрүүлэг”-ийн хамт олныг шалгаж байгаа тухай  “Variety” сэтгүүл өнгөрсөн онд мэдээлжээ.


Нэвтрүүлгийн зураг авалтын багийн зарим гишүүн хууль бусаар ажлаасаа халагдсан тухайга болон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах чиг хандлага байдаг тухай мэдэгдсэн байна. Энэ дуулиан шуугиан шоунд нөлөөлсөн ч нэвтрүүлгээ зогсоох шийдвэрт нь нөлөөлөөгүй гэдгийг Эллен Деженерес тайлбарласан байна. 


“Эллен Деженерес шоу” нэвтрүүлэг нь 2003 оноос хойш дэлгэцнээ гарчээ. Гарч эхэлсэн цагаасаа хойш “Emmy”-н шагналыг 61 удаа хүртжээ. Эллен Деженерес 2007, 2014 онуудад Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2016 онд түүнийг Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнаж байсан аж.

Холбоотой мэдээ