Нийслэл орчмын археологийн дурсгалт газруудыг хамгаалалтад авав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-13 14:44:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС, ХУИС-ийн эрдэмтэн багш нар нийслэл хотод байгаа археологийн эрсдэлт дурсгалуудыг авран хамгаалах малтлага, судалгаа хийжээ.


Улмаар Багахангай дүүргийн Бага уул, Налайх дүүргийн Гадан уул, Сонгинохайрхан дүүргийн Ар гүнт-2 гэсэн дурсгалт газрыг хамгаалалтад авах хүсэлтийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд ирүүлсэн юм.  Тодруулбал, Багахангай дүүргийн  Бага баян ууланд (Өндөр дэл) одоогоор 25 булш байгаа нь мэдэгдэж байгаа. Гэвч тонуулчид булшийг ухахдаа шороо чулууг нь хажуугийн булшнууд руу асгаснаас зарим нь дарагдан, мэдэгдэхгүй болжээ. Судалгаагаар 7-10 булш нь тоногдоогүй үлдсэн байх магадлалтай аж.


Тэгвэл Налайх дүүргийн Гадан уулын орчмын шинэ суурьшлын бүсэд айлын хашаанд олон тооны чулуунд дараастай булш байна. Шинэ суурьшилд багтсан булшнаас ердөө 2 метрийн зайд айлууд хашаа, жорлон барьжээ. Түүнчлэн гадна зохион байгуулалт нь нэлээд эвдэгдсэн нэг хиргисүүр, долоон ширхэг дөрвөлжин булшны дурсгал байгааг судалгаагаар тогтоолоо. Мөн Ар гүнт дэх дурсгалт газрын гурван булшийг ухаж тоножээ.


Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр археологийн дурсгалууд хүний гарт өртөн устах магадлал нэмэгдэж байгаа тул НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уг асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж, дээрх гурван байршлын дурсгалт газрыг хамгаалалтад авахаар шийдлээ.





Холбоотой мэдээ