Шинэ хороолол байгуулахад 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-05-13 16:45:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын зэрэглэлтэй хот болох үндэс нь тавигдсан Дархан хотын тухайд жилээс жилд өргөжин тэлж байна. Үйлдвэр, технологийг нэвтрүүлж хөдөө аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх гол аймгуудын нэг. Тийм учраас түүнийг даган хүн ам нэмэгдэнэ. Иймээс өсөлтөө дагаж хот өөрийн гэсэн төлөвлөлттэй байж, хүн амын өсөлтөд бэлтгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн удирдлагуудтай уулзах үеэр аймгийн Засаг дарга, ГХБХБГ-аас орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлийг сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав.

Дархан хотыг 2035 он хүртэлх хөгжлийн хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нэг асуудал нь 2030 он гэхэд хүн амын 80 гаруй хувийг орон сууцжуулах зорилт дэвшүүлсэн. Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд барих нэг дэд төсөл нь  “Залуус хороолол” юм. Нийт 11.6 га талбайд барихаар тусгагдсан. Урьдчилсан байдлаар 9 давхар 18 орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг хоёр байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 автомашины зогсоол, ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцсон аж. Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэйг аймгийн Засаг дарга онцолсон. Уг төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг байгааг ч мөн хэлсэн.

Ерөнхий төлөвлөгөөтэй танилцсаны дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж байгааг мөн онцолсон.

Түүнчлэн хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100,000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.

 

Холбоотой мэдээ