Үйлчилгээний зарим байгууллагын бэлэн байдлыг шалгаж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-14 10:44:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрийн дагуу зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон.

Үүнтэй холбогдуулан коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагын алба хаагч, холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай баг үйлчилгээний газрын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, хяналт тавьж байна.   

Аймгийн төв буюу Жаргалант сумын хэмжээнд бүртгэлтэй нийт 34 үсчин, гоо сайхны газар бий. Иймд мэргэжилтнүүд эхний ээлжинд 10 заалт бүхий зөвлөмжийг 23 газарт хүргэсэн байна. Үүнээс зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай мэдээлэл ирүүлсэн найман үсчин, гоо сайхны газарт энэ сарын 13-ны өдөр хяналт шалгалт хийлээ. 

Энэ үеэр үйл ажиллагаа эхлэх боломжтой хоёр үйлчилгээний газар байв. Мөн зөвшөөрөлгүй буюу холбогдох журам зөрчин ажиллаж байсан нэг, зөвлөмжийн биелэлт хангаагүй таван үсчний газар, зориулалтын бус цэгт буюу хүнсний дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байсан нэг үсчин зэрэг зөрчил дутагдлыг илрүүлж, холбогдох үүрэг чиглэл, анхааруулга өгчээ.   

Хяналт шалгалтын ажил цаашид тогтмол үргэлжилнэ. Иймээс үйлчилгээний газрыг нээх хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагууд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт ирүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангаснаар иргэд, олон нийтэд үйлчлэх шаардлагатай гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Үсчин, гоо сайхны газрууд нь үйлчилгээнийхээ зааланд иргэдийг хүлээлгэн суулгахгүй бөгөөд гар утсаар цаг захиалга хийж ажиллах юм. 


Холбоотой мэдээ