Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-14 11:30:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Засгийн газраас энэ сарын 12-нд өргөн мэдүүлсэн эл хуулийн төслийг өргөн барьжээ. Төсөлд, цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалт, мэдээллийн нэгдсэн систем хэрэглэх талаар тусгажээ. Ингэснээр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэх ажилд эерэг дүн гарах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан байна.


Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал ажил нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Улсын хэмжээнд 6686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс 3311 нь нийслэлд, 3375 нь орон нутагт байдаг байна. Тодруулбал, камерын хяналт шаардлагатай цэгүүдээс нийслэл 17,8 хувь, аймгуудын төвүүд 16,1 хувьд нь хяналтын камер суурилуулсан байдаг аж. Камерын хяналттай орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үр дүн байдаг ч теле хяналтын тасралтгүй тогтмол хяналт байхгүй, теле хяналтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бүхий цогц систем бүрдээгүй, теле хяналтын дүрс бичлэгийн техник, хэрэгсэл ашиглалтын шаардлага, стандарт хангахгүй, бүрэн ажиллахгүй зэргээр гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа асуудлууд гардаг болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан ч 4216 нь ажиллаж байгаа, үүний 1251 нь дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 нь огт ажиллахгүй байгааг төслийн танилцуулгад дурдав.  


Хяналтын камер, техник, хэрэгсэлд арчлалт хамгаалалт хийдэггүй, засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүй зэрэг асуудлуудаас үүдэн нөхцөл байдал ийм байгааг төслийн танилцуулгад дурджээ. Камерын хяналтгүй орчинд гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо цаашид өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлээд “Нийслэлд 5008 цэгт 20 мянган камер, аймгуудын төвийн 3339 цэгт 13 356 камер нэмж суурилуулах шаардлагатай” гэсэн тооцоог танилцуулав.


Иймд, камержуулах ажлын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн торгох ял, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлснээр төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байхаар, түүнчлэн энэхүү хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.


Мөн нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон хуулийн этгээдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн байнгын хяналт тавьж, арчлалт, хамгаалалтыг хийж байх агуулга бүхий зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна.

Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын статус болон санхүүжилтийг тодорхой болгосон эрх зүйн орчинг бүрдүүлэх нэмэлтийг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулав. Зохицуулах зөвлөлийн ажлын албаны 15 албан хаагчийн цалин хөлс болон бусад урсгал зардлын тооцоог Зөвлөлийн ажлын албанаас өгсөн мэдээлэлд үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зардал тооцох аргачлалын дагуу хийж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгосон гэдгээ танилцууллаа.


Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.4 хувь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ