Халдвар авсан хүмүүсийн 21.2 хувь нь хүүхэд байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-14 13:36:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд коронавирусээр халдварлагсдын 21.2 хувь нь 18-аас доош насны хүүхэд байгааг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр мэдээлэв. 


Насны бүлгийн хувьд, 4 хүртэлх насны 2230 хүүхэд буюу 22 хувь, 5-9 насны 3231 хүүхэд буюу 32 хувь, 10-14 насны 3105 хүүхэд буюу 31 хувь, 15-17 насны 1432 хүүхэд буюу 14.3 хувийг эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар, 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 


Засгийн газраас хүүхдүүдийг дархлаажуулах асуудлаар чиглэл гаргаж олон улсад туршин хэрэглээнд нэвтэрч байгаа вакцинуудыг судалж байгааг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллийн үеэр тодотгов. Энэ хүрээнд вакцины гэрээ, хэлцэл хийсэн бөгөөд татан авах хугацаа хараахан тодорхой биш байгааг дурдав. 


Хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах насны ангиллыг ЭМЯ-наас гаргаж байна.

Ингэхдээ, эхний ээлжинд ЕБС-ийн төгсөх ангийн хүүхдүүд, элсэлтийн шалгалтаа өгөөд гадаадын их, дээд сургуульд элсэх, 16-17 насны хүүхдийг хамруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Мөн вакцины эсрэг заалттай жирэмсэн эхчүүдийг дархлаажуулах асуудлыг хамтад нь шийдвэрлэхээр холбогдох судалгааг хийж буйг мэдээллээ.

Холбоотой мэдээ