Энэтхэгт халдвар авсан хүний тоо 24 сая давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-05-14 14:18:56

ШИНЭ ДЕЛИ. /RT/. Энэтхэгт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 343 144 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 24 046 809 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Дөрөвдүгээр сарын 22-ноос хойш Энэтхэгт гурван долоо хоног дараалан өдөрт 300 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол тавдугаар сард энэ тоо таван удаа 400 мянгыг давжээ. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо энэ сард 1 саяар нэмэгдсэн байна. Халдварын нийт тохиолдлын тоо тавдугаар сарын 6-нд 21 сая, 9-нд 22 сая, 12-нд 23 саяыг давжээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 4000-аар нэмэгдэж, 262 317 болсон бол  халдвараас эдгэрсэн өвчтөний тоо 344 776-өөр нэмэгдэж, 344 776-д хүрсэн байна.


Баасан гаргийн өглөөний байдлаар коронавирустэй 3 704 893 хүн эмчлүүлж байгаа нь өмнө өдрийнхээс 5 632-оор буурсан үзүүлэлт аж. Халдварын нийт тохиолдлын ​​15.65 хувийг идэвхтэй тохиолдол эзэлж байна. Эмчлүүлж буй өвчтөнүүдийн 80 орчим хувь нь Энэтхэгийн 28 мужийн 12-т нь ногдож байгаа бөгөөд эдгээр нь Карнатака, Махараштра, Керала, Ражастан, Уттар-Прадеш, Андхра-Прадеш, Тамил Наду, Баруун Бенгал, Гужарат, Чхаттисгарх, Мадхья-Прадеш, Харьяна мужууд юм.


Өнгөрсөн хоногт 2 027 162 хүн вакцин хийлгэсэн бөгөөд вакцин тариулсан нийт хүний тоо 179 298 584 боллоо гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Холбоотой мэдээ