Таван мянган тариаланч вакцинд хамрагдан талбайд гараад байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-05-14 14:33:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ, Хөвсгөл аймагт өнгөрсөн 7 хоногт эхэлсэн хаврын тариалалт үргэлжилж Төв, Орхон аймагт энэ 7 хоногт тариалалт эхэллээ. Газар тариалангийн гол бүс нутгийн нэг Төв аймагт энэ жил  80 мянган га-д тариалалт хийх аж. Тус аймагт 1100 гаруй тариаланч дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна.

Орхон аймагт бүх тариаланчаа вакцины эхний тунд бүрэн хамруулж, үр тарианы тариалалт 25 хувь, төмсний тариалалт 20, хүнсний ногооны тариалалт 5 хувьтай байна. Тус аймаг энэ жил нийтдээ 4572 га талбайд тариалалт хийх аж.

Одоогоор нийт 5 мянга гаруй тариаланчийг вакцинжуулалтын 2 дахь тунд хамруулж тариалалтад гараад буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ жил улсын хэмжээнд 530 мянга гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан салбарын яамнаас импортоор оруулж ирсэн

  • улаанбуудайн үрийг 30 хувь,
  • тэжээлийн таримал ургамал болон төмсний үрийг 50,
  • хүнсний ногоо, хүлэмжийн таримал үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгох юм.

Энэ үүднээс 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг тариаланчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр ажиллаж байна.  COVID-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотой үрийн нийлүүлэлт, худалдан авалт тодорхой хугацаагаар хойшилсон ч энэ 7 хоногт багтаан хангах талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газраас мэдээлж байна. Хүнсний ногооны үрийг тариаланчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлснээр хүнсний ногооны тариалалт энэ жил 20-30 хувь нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын мэдээллээр энэ сарын 15-18-нд хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ