ЭЕШ өгөх сурагчдад давтлага өгч эхэлжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-14 15:21:17

Ховд /МОНЦАМЭ/. "Чанартай боловсрол–Шинэ Ховдын ирээдүй” аянд элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн нийт суралцагчийн 80 гаруй хувь нь нэгджээ.

Тус аймагт ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэх, дундаж оноог ахиулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Чанартай боловсрол – Шинэ Ховдын ирээдүй” сэдэвт хоёр сарын аян зарласан юм

Ховд аймагт энэ хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д оролцохоор 1337 суралцагч бүртгүүлжээ. Үүний 80 гаруй хувь нь тус аяны үйл ажиллагаанд нэгдсэн гэх мэдээлэл байна. 

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй тус аяны хүрээнд мэргэжлийн 10 хичээл тус бүрээр зөвлөх 17 багш, тухайн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бэлтгэж буй сурагчдыг нэгтгэсэн цахим хуудас, групп нээж, хамтын ажиллагааг идэвхжүүлж байна.  

Одоогийн байдлаар групп тус бүрт нэгдсэн зөвлөх багш нар сурагчдын мэдлэгийн түвшин тогтоох сорил авч, түүнийг үндэслэн давтлага өгөх сэдэв, агуулга боловсруулж, цахим хичээл бэлтгэн оруулж сурагчдад давтлага өгч эхэлжээ. 

Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар өнөөдөр зөвлөх багш нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр аяны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөвлөх багш, төгсөгчдийн хамтын ажиллагааг илүү сайжруулахад анхаарах асуудлын талаар ярилцав. 

Холбоотой мэдээ