Булган аймгийн төвд тогтоосон хөл хориог маргааш цуцална

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-05-14 18:11:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд тогтоосон хатуу хөл хориог 5 дугаар сарын 15-ны 06.00 цагаас эхлэн цуцлахаар шийдвэрлэжээ.

Тус сумын Засаг дарга хатуу хөл хориог цуцалж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинд 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл шилжүүлэхээр захирамж гаргалаа. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ой, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл, урлаг, сургалтын байгууллага, шашны үйл ажиллагаа, олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг түр хориглолоо.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хориглож, захиалгат болон  хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн байна. Банк, шатахуун түгээх станц, таксинаас бусад худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах хуваарийг 10.00-20.00 цагийн хооронд тогтоон, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн хичээл, сургалтыг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ