Израилын Элчин сайдын яамны мэдэгдэл

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-14 22:13:13

ЙЕРУСАЛИМ. /embassies.gov.il/. Газын зурвас дахь Хамас хөдөлгөөнөөр удирдуулсан террорист байгууллагууд Израилын эсрэг террорист халдлагыг эхлүүлээд байна. Энэ ажиллагаа Хамасын хамгаалахыг оролдож буй гэгддэг Йерусалим хотод пуужингийн цохилт өгснөөр эхэлсэн. Тавдугаар сарын 10-ны 18 цагийн байдлаар Израил руу 1500 гаруй пуужин харвасны улмаас их хэмжээний хохирол учраад байна.


Одоогийн байдлаар Израилын долоон иргэн амиа алдсаны дунд таван настай хүү, нэгэн эцэг, түүний охин, мөн гурван эмэгтэй багтаж байна. Үүний зэрэгцээ олон арван хүн шархадсанаас гадна олон зуун мянган иргэн амиа алдах вий гэсэн айдаст автаад байна. Хамасын зүгээс израилчуудын амьдралыг сүйрүүлж, аль болох олон энгийн иргэний аминд хүрэхийн тулд өдөр шөнөгүй гал нээсээр байна.


Йерусалим дахь өдөөн хатгалга ба одоогийн террорист ажиллагааг холбож буй хүчин нь Хамас бөгөөд Израил, Палестины олон мянган иргэн амиа алдаж, гэмтэж бэртсэний хариуцлагыг Хамасын цуст үзэл суртал хүлээх ёстой юм. Харин Израилын хувьд эсрэгээрээ энгийн иргэдийг хохироохгүйн төлөө чадах бүхнээ хийж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах болно.


Хэдийгээр Израилын “Төмөр дээвэр” пуужингийн довтолгооноос хамгаалах өндөр хүчин чадалтай систем Хамасын харваж буй пуужингуудын дийлэнхийг нь эсэргүүцэж байгаа боловч зарим нь Газын зурвасын дотор унаж байгаагийн улмаас хүний амь нас эрсдэж, их хэмжээний хохирол учруулж байна. Хамас өөрсдийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж, энгийн иргэд рүү пуужин харваж байгаагийн сацуу хилийн нөгөө тал дахь гэмгүй хүмүүс рүү харгис хэрцгийгээр халдан цэргийн давхар гэмт хэрэг үйлдэж байна.  


Израил улс нь олон улсын хууль тогтоомжийг чанд дагаж мөрддөг бөгөөд дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил ард иргэдийнхээ амь насыг хамгаалах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Одоо өрнөж буй үйл явдлуудын хариуцлагыг Хамас болон Палестины засаг захиргаа үүрэх ёстой. Иймээс бид энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн палестинчуудын үйлдлийг зэмлэн буруушааж, өдөөн хатгалга, хүчирхийллийг нэн даруй зогсооход Палестины засаг захиргаатай хамтран ажиллахыг БНХАУ болон олон улсад уриалж байна. 

Холбоотой мэдээ