Ц.Энхсүлд: Хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө худалдаж авсан юм бүхэн сайхан

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-05-15 18:25:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өөрийнхөө хүсэл сонирхолдоо хөтлөгдөн дэлхийн шилдэг үүлдрийн адуутай болох мөрөөдлөө биелүүлсэн төмөр замчин залуутай цахимаар ярилцлаа.

 

-Цахим орчинд нийтлэгдсэн зургийн тайлбар их сонирхолтой санагдаад өөртэй чинь холбогдож, хүсэл мөрөөдлийн тань талаар ярилцахыг хүссэн юм. Юуны өмнө өөрийгөө товч танилцуулна уу?

-Баярлалаа. Хүн бүр л мундаг байна гэж магтаал хэлж байна. Намайг Цолмонгийн Энхсүлд гэдэг. 1996 онд айлын дунд хүү болон Дархан хотод төрсөн.

-Одоо хаана ажилладаг вэ? ЕБ-ын аль сургууль төгссөн бэ?

-Дархан-Уул аймгийн 11 дүгээр сургуулийг төгссөн. Сэтгэн бодох чадвар сайн гэж багш нар их үнэлдэг, тэр хэрээрээ ч сайн сурахын төлөө хичээдэг байсан. Олон олимпиадад оролцож амжилт гарган, түүнээсээ их урам авдаг байлаа. Төгсөлтийнхөө хүүхдүүдээс эхний аравт жагсаж байсан. Одоо УБТЗ-ын Зам засварын машинт станцад ажилладаг.

-Хүн бүр хийж чадах ажлаараа бахархдаг. Ажлын тань онцлог, сайхан зүйл юу вэ?

-Тэгэлгүй яахав хийж байгаа ажлаараа бахархах дуртай. Төмөр зам гэдэг чинь их хариуцлагатай ажил шүү дээ. Миний хийж буй ажлын ард маш том бүтээн байгуулалт босч байгаа нь хамгийн гайхалтай санагддаг. Улс оронд минь олон талын бодит ашигтай чухал объектод өндөр зохион байгуулалттай ажилладгаараа бахархдаг.

-Өөрийн тань хобби юу вэ?

-Одоогоор хамгийн их цаг зав гарган хөгжүүлж байгаа зүйл хурдан морь л байна даа. Монгол хүний цусанд байна уу? Багаасаа л морь унаж өссөн болохоор бүх сэтгэлээ түүнд зориулдаг. Намайг яагаад ч юм их татаж сонирхол, хобби минь болсон.

-Хурдан морь зүрх сэтгэлийг минь татдаг гэлээ. Хурдан морь уядаг гэсэн үг үү? 

-Тийм ээ. Энэ том өв соёлд, хурдан морины уяанд суралцаж яваа залуу хүн. Аймаг, сумын наадамд өөрийгөө хязгаарлалгүй спорт талаас нь шинжлэх ухаанч байдлаар хандаж хөгжүүлэхийг хүсдэг. Ер нь хурдан морь гэдгийг зөвхөн монголоороо бодохоос гадна дэлхийн түвшинд яагаад сэтгэж болохгүй гэж өөрийгөө байнга хурцалдаг. Манай улсад удахгүй морин тойруулга нэвтэрч хөгжихөд нь бэлэн байя гэж боддог.

-Саяхан морьтой зургаа цахим орчинд оруулсан байсан. Зургийн тайлбар ч гэсэн их сонирхол татсан. Морин тойруулга Монголд нэвтрэхэд өөрийнхөө хувьд бэлтгэлээ хангаж байна гэж ойлгож болох уу?

-Тэр морьтой авахуулсан зураг бол миний шинэ оруулж ирсэн англи азарга маань байгаа юм. Сүүлийн хоёр жил дэлхийн хамгийн хурдан үүлдэр болох Thorougbred адууны шилдэг удамтай азаргатай болохыг зорьсон. Тэр азаргатай авахуулсан зургийн тайлбар хүмүүсийн анхаарлыг их татсан байсан. Би үнэнээ л бичсэн. Архи, тамхи хэрэглэдэггүй, эхнэргүй, бүр хийжүүлсэн ундаа ч уудагүй. Ойр тойрныхон минь сайн мэднэ. Ямар ч хорт зуршилгүй, гэр бүлгүй байж цалингаа юунд зарцуулдгийг маань хүмүүс хааяа асуудаг. Хариултыг нь маш энгийн ойлгомжтой байдлаар хүргэхээр тэр зургаа цахим орчинд нийтэлсэн. Би чинь бас муугүй цалин авдаг болохоор хуримтлуулдаг.

-Монголд тэр дундаа Дархан-Уул аймагт энэ төрлийн адуу өсгөж үржүүлж байгаа хэр олон хүн байдаг вэ?

-Оросоос ихэвчлэн англи, араб, буден адуу оруулж ирж байгаа. Миний худалдаж авсан Тиас шиг дэлхийн шилдгүүд сүлбэсэн удамтай цэвэр англи адуу Монголд цөөхөн байх. Манай аймагт бүр ч цөөхөн гэж сонссон. Би залуу хүн болохоор танил тал бага, хэн ямар азаргатайг сайн мэдэхгүй л байна.

-Нууц биш бол хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

/-Юуг нь нуух вэ? 40 сая төгрөгөөр худалдаж авсан. Их судалсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ирсэн. Ер нь тухайн улсынх нь хэлтэй бол морины заводоос нь үнэ ханш зэрэг нь нээлттэй байдаг юм билээ. Монголд оруулж ирэхэд зардал нэлээн нэмэгддэг.

-Саад бэрхшээл байсан уу? Монголд ирэхэд зардал нэмэгддэг гэлээ? Тодруулаач.

-ОХУ-ын Краснодар хотоос авсан. Саад бэрхшээл гэвэл одоогоор хил, гааль хаалттай үед хилээр орж ирэхэд саад учирч байсан. Монголчууд өөрсдөө тээвэр хийдэг байхад зардал нь арай бага гардаг байсан. Одоо тухайн улсын нь ачаа тээврийн компаниар тээвэрлүүлсэн болохоор хоёр дахин их зардал гарсан.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ?

-Би аав, ээж охин дүүгийн хамт амьдардаг. Гэрийнхэн маань сайн дэмждэг. Аав маань мундаг уяач хүн бий. Аймгийн алдарт уяач болох нөхцөл нь бүрдсэн ч аваагүй л явж байна. Өвөө маань адуу шинжихдээ сайн хүн  байсан.

-Монголын нөхцөлд өсгөж үржүүлэхэд цаг агаарын болон бусад нөлөөлөх зүйл бий юу? Арчилгаа хэр шаардах уу?

-Англи адуу чинь байран маллагаатай болохоор хаана ч өсгөж үржүүлэх боломжтой. Монголын нөхцөлд өвөлдөө л дулаан байр хэрэгтэй. Бусад улиралд гайгүй. Арчилгааны тухайд англи адуу бусад бүх үүлдрийн адуунаас илүү их арчилгаа шаарддаг.

-Монгол адуунаас ялгарах онцлог нь юу вэ? Эрлийз адуу Монголд олон бий шүү дээ.

-Гадаад адууны цус өндөрсөх тусам ашиг шим нь дагаад буурна. Монголчууд анхнаасаа нэгнийгээ цустай адуугаар дийлэх гэсэн буруу өрсөлдөөн бий болгочихсон гэж би боддог. Эрлийз адуу нь илүү хурдлаад байгаа болохоор бусад нь ч гэсэн эрлийзжүүлэхгүй бол адуу нь хурдлахгүй байгаа мэт боддог байх.

-Цэвэр цусаар нь өсгөх боломжтой юу?

-Боломж байгаа. Цаашдаа цэврээр нь үржүүлэх ганц том зорилготой. 

-Азаргатай нийлүүлье гэсэн санал ирж байна уу? Үржүүлэгт оруулахад тодорхой үнэ тогтсон уу? Нутгийнхан нь хэр сонирхож байна.

-Сүхбаатар аймгаас гүү нийлүүлье гэсэн хүмүүс нэлээд ярьсан. Гол нь хот хоорондын зам хаачихсан жаахан хэцүү байна. Явж чадахгүй байгаа. Одоохондоо өөрийнхөө л адуунд нийлүүлж байгаа. Монгол адууны үржүүлгийн хугацаа бэлчээртээ явдаг болохоор 5,6 сард л голлодог.

Азаргтай чинь нийлүүлье гэсэн хүмүүстэй үнэ ханшаа тохиролцож болох байх. Дарханд байдаг болохоор гурван сая болно тооцоолсон. Хот руу бол илүү өндөр байдаг. 

-Ойрын төлөвлөгөө?

-Миний ойрын хугацааны төлөвлөгөө англи хэлээ сайжруулж байгаа. Яагаад тухайн хэлээр чөлөөтэй ярьж чаддаг уяач байж болохгүй гэж. Хэлээ сайжруулчихвал дагаад маш олон боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Гэр бүлтэй болох талаар?

-Залуу хүн зорилготой, хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Миний хувьд хоббигоо бодит болгох байсан. Эхлэл нь ч тавигдаж, хүсч мөрөөдөж байсан адуугаа авсан.

Одоо л гэр бүлтэй болж авч явж чадах дээрээ ирж байна. Удахгүй болох байхаа.

-Үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Хамгийн эхэнд эрүүл мэнд чухал шүү гэж хэлмээр санагддаг. Зовж олсон мөнгөөрөө өөрсдийгөө битгий хордуулаасай. Мөн судалгаагүй зүйлд мөнгөө бүү үрээсэй. Зүгээр сууж байгаад мөнгө олох гэсэн бодолтой залуус их болсон. Хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө худалдаж авсан юм бүхэн сайхан шүү гэж хэлье.

-Хэлэх дуртай үгээр тань ярилцлагаа өндөрлөе.

-Айхтар хэлэх дуртай үг онцолж байгаагүй юм байна. Би их өөдрөг сэтгэлгээтэй. Тийм болохоор “болно шүү дээ” гэж их хэлдэг дээ.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ