Сумын иргэд тарьсан модоо арчилж ургуулахад анхаарна

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-05-19 20:01:25

Завхан/МОНЦАМЭ/. Дөрвөлжин сум ногоон сум болох зорилтын хүрээнд өрх бүр хашаандаа мод тарьж эхэлжээ.  

Тус сум энэ хавар иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санаачилгаар сумынхаа төвийн гудамж, талбай болон сумын ойролцоо ногоон төгөл байгуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг эрчимтэй хийж байна.

Тухайлбал 120 гаруй иргэн хайлаас, улиас, газрын алим, чавга, буйлс, үхрийн нүд, шар хуайс гэх мэтчилэн нийт найман төрлийн 560 гаруй модыг тариад байна. Ойрын өдрүүдэд сумын төвдөө шинээр мод тарих, гэр хорооллын гудамж дагуу тарьсан модоо арчлах, услах ажлуудыг эрчимтэй хийж байна. Цаашид модоо усалж ургуулах тал дээр иргэд маань илүү их анхаарч ажиллаж байна гэж Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Ташрамд тус сум аймагтаа анх удаа сумынхаа тогтвортой хөгжлийн төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө, аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг батлуулан мөрдөн ажиллаж байна. Дээрх төлөвлөгөөгөө цаасан дээр буулгаад зогсохгүй ажил болгож эхэлжээ. Тухайлбал тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнийхөө хүрээнд сумандаа ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Хомын талын тахь” төслийн шугамаар чацарганын цех, сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр оёдлын цехийг байгуулан тогтвортой ажиллаж байна. 








 

Холбоотой мэдээ