Аймгуудын хүн ам жигд өсжээ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-05-24 12:50:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Статистикийн тухай хууль, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль болон НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг амжилттай зохион байгуулжээ. Энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2021-5-21)-д Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваа танилцуулсан байна.


Монгол Улсын хүн ам 3 сая 296 мянга 866 гэж тоологджээ. Түүнийг 2010 онтой харьцуулахад өнгөрсөн хугацаанд хүн ам  жилд дунджаар 2.2 хувиар өссөн байх юм. Тухайлбал, нийт хүн амын 31.5 хувийг 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насныхан, 4.1 хувийг 65 ба түүнээс дээш насны ахмадууд эзэлжээ. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, ахмад настан зэрэг тэжээлгэгч хүн амын тоо 55.3 байна. Хүн амын голч нас 27.9 болж, сүүлийн 30 жилд голч нас 10 насаар нэмэгджээ. Хүн амын 3.7 хувь буюу 122 мянган хүн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна. Иргэдийн гадаад улс руу явсан зорилгыг оршин суугаа улсаар авч үзвэл Энэтхэг, ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Герман, Ирланд улсад суралцахаар, Казахстан, Польш, Их Британи, АНУ-д суурьшихаар, БНСУ, БНЧУ, Унгар, Швед, Турк, Швейцар, Польш улсад хөдөлмөр эрхлэхээр  явсан дүн гарчээ.


Улаанбаатар хотод нийт хүн амын 46 хувь нь оршин сууж байгаа бол, хангайн бүсэд 19 хувь, төвийн бүсэд 16 хувь, баруун бүсэд 13 хувь, зүүн бүсэд 7 хувь нь оршин сууж байгаа аж. Аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид нийт суурин хүн амын 23 хувийг эзэлж байгаа дүн гарсныг 2010 оны тооллогын дүнтэй харьцуулахад буурчээ. Шилжих хөдөлгөөнд оролцогчдын 8 хувь Улаанбаатар хот руу шилжсэн байна. Мөн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт шилжин ирэгсэд хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Улсын хэмжээнд 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.3 хувийг эзэлжээ. Хүн амын 15, түүнээс дээш насныхны  98.7 хувь нь бичиг үсэг тайлагдсан байна. Мөн 10, түүнээс дээш насны хүн амын  95.1 хувь нь ямар нэгэн түвшний боловсролтой болжээ.


Улсын хэмжээнд өрхийн тоо 897 427 гэж тоологджээ. Өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6, анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болжээ. Монгол Улсын зургаа ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэдэг бол 64.7 хувь нь интернет хэрэглэгчид болжээ. Нийт хүн амын 59.7 хувь нь ажиллах хүчин (15,  түүнээс  дээш насны)-д, 40.3 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн амд багтжээ. Ажилгүйдлийн түвшин 2020 онд 9.9 хувь болж, 2010 оны тооллогын үеийнхээс 5.4 пунктээр буурчээ.


Байшин, орон сууцны тооллогоор хүн байнга амьдарч байгаа 770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдарч байна. Тооллогоор нийт өрхийн 38.2 хувь нь монгол гэрт, 60.9 хувь нь байшинд, 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд гэсэн дүн мэдээ гарчээ. Харин инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд нийт өрхийн ердөө 29.5 хувь нь амьдарч байгаа юм.


Хүн ам, орон сууц 2020 оны ээлжит тооллогын дунд үндэслэн хүн амын хэтийн тооцоог аймаг, нийслэлээр 2021 онд тооцож гаргах бөгөөд энэ нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, харилцаа холбоо гэх мэт бүх салбарын бодлого төлөвлөлтөд ашиглах боломжтой гэж ҮСХ үзжээ. Ийм тооллогыг цаашид жил, сараар хийх боломжтой гэж ҮСХ дарга Б.Батдаваа тайлбарлажээ. Хүн амын тооллого дээр үндэслээд хүн амын хэтийн тооцоо гардаг. Түүн дээр үндэслэн салбар бүр бодлогоо тодорхойлж, асуудлаа төлөвлөх боломжтой ажээ. 


Хүн ам, орон сууцны тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 цагийн зураг авалтаар буюу энэ цаг хугацаанд амьд байсан бүх хүнийг тоолсон байна. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын онцлог нь төрийн байгууллагууд дээр байгаа бүртгэлийг ашиглах, 10 хувийг түүврийн аргаар тооцсон тул тоо бүрэн гарсан. Харин хүн амын 10 хувьд санамсаргүй түүврийн аргаар тооллого зохион байгуулж, дахин нягталж, баяжуулсан байна. Уг тооллогод нийт 15,7 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн төрийн мэдээллийн сангууд буюу IT технологийн дэвшлийг ашигласан. Ийм учраас хүн амын тооллогод 3,8 тэрбум төгрөг, бусад зардлууд нийлээд 4,7 тэрбум төгрөгийн зардал гарчээ. Бусад зардал хэмнэгджээ.    


УИХ-ын дарга Г. Занданшатар “ ҮСХ-той хамтарч төрийн их өгөгдлийг ашиглах бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэж мэдээллийн төгсгөлд хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэрбээр цааш нь  ҮСХ-ны мэдээллийн сан бол их өгөгдөл. Зөвхөн хүн амын хэдэн хувь нь ямар сууцанд амьдарч байна вэ гэсэн мэдээлэл дээр л төрийн бодлого, төвлөрлийг сааруулах, хөгжлийн алсын хараа бодлогоо төлөвлөх суурь нь болно. Иймд их өгөгдөл нэн ялангуяа хүн ам, орон сууцны тооллогын үр дүнг бусад дататай уялдуулан ашиглах талаар нэгдсэн томоохон бодлого шаардлагатай байна. Мөн өгөгдлийн шинэ эринд төр, хувийн хэвшил аливаа бодлого шийдвэр гаргахдаа тооцоо судалгаанд тулгуурлах зайлшгүй шаардлагатай гэж хэлжээ.


"Хүн ам орон сууцны 2010 оны тооллогоор зарим аймгуудад хүн амын өсөлт гараагүй. Харин 2020 оны тооллогоор  хүн амын өсөлт аймгуудад  жигд гарсан" гэж УИХ-ын гишүүдийн асуултад ҮСХ-ны дарга Б. Батдаваа  хариулжээ. Аймгуудын хүн ам жигд өссөн нь  хүн ам, орон сууцны 2020 оны  тооллогын онцлог байсан бололтой.

Холбоотой мэдээ