Хөшигийн хөндийн хот байгуулалт, дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлтийн төслийг дэмжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-25 16:47:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ, ЗТХЯ-ны хамтарсан ажлын баг өнөөдөр хуралдаж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндий дэх хот байгуулалт, дэд бүтцийн  нэгдсэн төлөвлөлтийн төслийн талаар хэлэлцэн дэмжлээ. 


Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явц, хотын зам, тээврийн төлөвлөлт, Дорноговь аймгийн Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үндсэн 6 бүлэг асуудлыг хэлэлцэв. Улмаар нийслэлийн “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон ”Некст степ инженеринг” ХХК-д холбогдох нарийвчилсан судалгаа, мэдээ, мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгөв. 

Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай нарийвчилсан судалгаа, мэдээ, мэдээллээр тухай бүр  хангаж ажиллах, Улаанбаатар хотын зам, тээврийн төлөвлөлтийг судлан үзэж Нийслэлийн “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-т санал өгч, хамтран ажиллахаар болов.

Мөн Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилтай танилцан авто зам болон төмөр замын төлөвлөлттэй  холбоотой санал өгөх, ЗТХЯ болон Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-аас үүсгэсэн олон улс, улсын чанартай авто замын мэдээллийн сан дахь өгөгдлийг нэг бүрчлэн харьцуулан үзэж, нэгтгэн боловсруулж мэдээллийн санд тусгах талаар хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. Сумдыг улсын чанартай авто замтай холбох авто замуудын трассын дагуух газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж давхцлыг шалгаж тайлан боловсруулан ЗТХЯ-нд хүргүүлэхээр тус тус шийдвэрлэсэн талаар БХБЯ-наас мэдээллээ.


БХБЯ, ЗТХЯ-ны хамтарсан ажлын баг нь Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд  барилга, хот байгуулалт, зам, тээврийн дэд бүтэц байгуулах чиглэлээр хийхээр  тусгасан үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах,  нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын хүрээнд хамтарч ажиллах чиг үүрэгтэй юм. Ажлын багийг ахалж ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн дэд даргаар БХБ-ын дэд сайд Э.Золбоо нар ажиллаж байна.


Холбоотой мэдээ