“Дайчны мөн чанар” ба хонины дипломат ажиллагаа

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-27 13:43:24

ЛОНДОН. /Telegraph/. Олон улсын тавцанд жижиг тоглогчид тооцогддог Монгол Улс нь өргөн уудам хийгээд уулархаг газар нутаг, нүүдэлчин уламжлалаараа алдартай. Харин дэлхий дахин вакцины төлөө өрсөлдөхөд хүн ам цөөтэй тус улс нь хангалттай хэмжээний вакцинтай болсон орнуудын нэг болоод байна.


Засгийн газрын сүүлийн мэдээллээр, Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 88 хувь нь эхний тунд, 40 хувь нь хоёр дахь тунд хамрагджээ. Мөн нийслэл Улаанбаатар хотын хувьд, насанд хүрсэн оршин суугчдын 99 орчим хувь нь вакцины эхний тунг хийлгээд байгаа ч вакцины нөөц дуусаж буй шинж ажиглагдаагүй байна.


Бутан, Серби зэрэг амжилтад хүрсэн бусад жижиг, чинээлэг биш орнуудын нэгэн адил Монгол Улс нь хөрш орнууд болох "вакцины дипломат ажиллагаагаар" дамжуулан зорилгодоо хүрэхийг эрмэлзэж буй их гүрнүүдтэйгээ ойр дотно харилцааг өрнүүлжээ.


Хэдийгээр Энэтхэгээс хоёрдугаар сарын сүүлээр “AstraZeneca”-гийн 150 мянган тун вакцин, “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 100 мянга орчим тун вакцин хүлээн авсан ч одоогоор татан аваад буй 4.3 сая орчим тун вакциныг БНХАУ, ОХУ-аас хүлээн авсан байна.


“Бид хөршүүдтэйгээ ямар харилцаатайгаа сайн мэдэх тул түүнийгээ ашиглахыг эрмэлзсэн” гэж Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Э.Болормаа Их Британийн “The Telegraph” сонинд мэдээлэв.


Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн вакцинжуулалтад хамрагдсан үзүүлэлт /хувиар/


Гэвч энэ бүхэн тийм ч амар байгаагүй бөгөөд дарааллаа хүлээх нь нэлээд хүндрэлтэй байсан гэдгийг тэрбээр шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хилийн чанад дахь Элчин сайд нарын олон удаагийн яриа хэлэлцээ, уулзалтын талаар ярих үеэрээ хэлсэн байна. Мөн монголчууд аливаа зорьсон зүйлийнхээ ард нь заавал гардаг дайчны мөн чанартайг онцолжээ.


Ийнхүү тууштай байсан нь ч үр дүнгээ өгч, Засгийн газар “Sputnik V” вакцинаас нэг сая тунг худалдан авахаар тохиролцжээ. Гэсэн ч үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд үүсэж буй асуудлуудын улмаас одоогоор ердөө 60 мянган тунг нь л хүлээн аваад байна.


Харин өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төрийн өмчит “Sinopharm” компанийн дөрвөн сая тун вакцины сүүлийн нийлүүлэлтийг хүлээн авчээ. Энэхүү вакцин нь Монголын вакцины нөөцийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа юм.


МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн багш Д.Оюунсүрэн тэргүүтэй судлаачдын үзэж буйгаар, гадаад бодлогын энэхүү ялалтад Ерөнхийлөгч Х.Баттулгын “хонины дипломат ажиллагаа” ашиг тусаа өгчээ.


Энэтхэгийн Засгийн газраас хандивласан “AstraZeneca”-гийн вакциныг Улаанбаатар хотын нисэх буудал дээр буулгаж буй нь /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/


“Х.Баттулга БНХАУ-ын Ухань хотод цар тахал дэгдсэнээс хойш тус улсад айлчилсан гадаадын орны анхны төрийн тэргүүн болж, хүмүүнлэгийн тусламж болгон 30 мянган толгой хонь хандивласан. Энэ нь “Sinopharm”-ын 300 мянган тун вакциныг хандив болгон авч, цаашлаад нэмж вакцин худалдан авахад хувь нэмрээ оруулсан” гэж Д.Оюунсүрэн ярилаа.


Гэвч Монгол Улсын коронавирусний эсрэг авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ нь дандаа дардан байсангүй. Хилийн хатуу хяналт тогтоож, иргэдээ хүртэл хилээрээ нэвтрэхийг хориглосны дүнд улсын хэмжээнд 10 сарын турш дотооддоо халдварласан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй боловч өнгөрсөн 11 дүгээр сараас халдвар тархжээ.


Ийнхүү халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон арга хэмжээнүүд өмнөх Ерөнхий сайдыг албан тушаалаас нь огцроход хүргэв.


Түүний халааг авсан Л.Оюун-Эрдэнийн хувьд вакцинжуулалтыг хөл хориог цуцлах стратегийнхээ гол тулгуур болгожээ. Гэвч гуравдугаар сард Монгол Ардын намын 100 жилийн ойг тэмдэглэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тоглолтуудыг зохион байгуулсны дараа халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болжээ.


“Эрх баригчид, уран бүтээлчид амны хаалт зүүгээгүй байсан бөгөөд энэ нь олон нийтэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн” гэж профессор Д.Оюунсүрэн хэлэв.


Монгол Улсад өдөрт шинээр илэрч буй халдварын тохиолдлын тоон үзүүлэлт


Вирус нэгэнт тархсанаас хойш зорчигч ихтэй олон нийтийн тээврийн хэрэгслүүдээр дамжин бусад хотод хурдацтай тархаж, дөрөвдүгээр сарын сүүл гэхэд өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 2500 орчимд хүрсэн нь хоёрдугаар сард 40 орчим байснаас огцом нэмэгдсэн үзүүлэлт болжээ.


COVID-19” халдварын тохиолдлуудыг улсын хэмжээнд авч үзвэл, хүн амын 30 орчим хувийг эзэлдэг малчдын дунд халдварын цөөн тохиолдол бүртгэгджээ.


Харин хотын бүсэд вакцинжуулалтыг нэн даруй хийхийг чухалчилж, Монголын хүн амын тэн хагас орчим нь оршин суудаг Улаанбаатараас эхлүүлсэн байна. Ингэхдээ тархалтыг хяналтад авахын тулд дэлхийн жишгийг сөрөн залуучуудыг өндөр настай, эмзэг бүлгийн хүмүүсээс өмнө вакцинжуулжээ.


Мөн Э.Болормаагийн хэлснээр, вакциныг эсэргүүцсэн томоохон хөдөлгөөн өрнөөгүй боловч Хятадын вакцинд итгэх итгэл бага зэрэг доогуур байжээ. Энэ нь Монгол, Зөвлөлтийг хүчирхэг холбоотнууд байх үед нас биед хүрсэн ахимаг насны хүн амын дунд түлхүү ажиглагдаж байсан бөгөөд тэдний хувьд “Sputnik V” вакциныг хүлээн хийлгэхийг хүсэж байв.


Иймээс Засгийн газрын зүгээс вакцинжуулалтын явцыг түргэвчлэхийн тулд вакцинд хамрагдсан хүмүүст 50 мянган төгрөг буюу 13 орчим евро олгох бодлогыг танилцуулсан байна. Монголд 2020 оны байдлаар дундаж цалин 320 орчим евротой тэнцэж байжээ.


Мөн “Sinopharm”-ын вакциныг бүх иргэнд үнэ төлбөргүйгээр хийж байгаа бол “Sputnik” вакциныг хувийн эмнэлэгт 120 мянга орчим төгрөгөөр хийж байгаа юм. Одоо бялдаржуулах төв, бассейн зэрэг спортын зарим төв зөвхөн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст үйлчилж байна.


Улаанбаатарын төвд орших Сүхбаатарын талбай. Энэхүү талбайд Монголын хувьсгалын баатар Д.Сүхбаатарын хөшөө байрладаг бөгөөд талбайн хойд хэсэгт Чингис хааны хөшөө бий. /Гэрэл зургийг Hemis.fr/


Харин алслагдмал бүсэд нүүдэлчин соёл заншлаа хадгалан амьдарч буй хүмүүсийг вакцинжуулахад хүндрэлтэй байж магадгүй юм. Монгол Улс нь дэлхийн хамгийн хүн ам сийрэг суурьшсан улс бөгөөд олон мянган малчин уулархаг хөдөө нутагтаа аж төрдөг ажээ.


Э.Болормаагийн хувьд ийм бүлгийн хүмүүсийг вакцинжуулах эрүүл мэндийн дэд бүтэцдээ итгэлтэй байна. Одоогоор вакцины хөдөлгөөнт цэгүүдийг хэдийнээ бий болгосноос гадна хойд нутгийн Төв аймгийн Батсүмбэр суманд “COVAX” хөтөлбөрийн эхний нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногт хүрчээ.


“Нийслэл хотын бүсдээ хүн амын тэн хагас орчим нь оршин суудаг бол нөгөө хагас нь үлдсэн 1500 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртээ амьдардаг. Иймээс алслагдмал хөдөөний оршин суугчдаа хэрхэн вакцинжуулах нь миний анхаарлыг татаж байна” гэж Оксфордын их сургуулийн профессор Трой Стернберг хэллээ. Тэрбээр Монголын малчдад “COVID-19” хэрхэн нөлөөлж буй талаар судалж буй аж.


Гэсэн хэдий ч Засгийн газар цар тахлын хамгийн хүнд үе өнгөрсөн гэдэгт тун ч итгэлтэй байгаа бөгөөд ард иргэддээ “COVID”-гүй зуныг амлаж, вакцинд бүрэн хамрагдсан аялагчдыг хүлээн авахыг зөвшөөрөх зэргээр цар тахлаас сэргэх стратегийнхээ талаар хэлэлцэж байна.


Мөн Улаанбаатарын насанд хүрсэн бүх оршин суугч ирэх хоёр юм уу гурван долоо хоногийн дотор вакцинд бүрэн хамрагдана гэж Э.Болормаа үзэж байна.


“Ерөнхийдөө монголчууд бол маш хөдөлмөрч ард түмэн. Нүүдэлчин хүмүүс учраас аливаа өөрчлөлтөд амархан дасан зохицдог. Бид өнөөгийн нөхцөл байдлыг шинэ дэлхий ертөнц хэмээн хүлээн авч, вакцинжуулалтыг чухалчилж байгаа бөгөөд хүмүүс ч вакциндаа хамрагдаж байна. Иймээс бүгдийн хүчин чармайлтын дүнд амжилтад хүрээд байна” хэмээн тэрбээр нэмж хэллээ. 


Энэхүү нийтлэлийг дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын талаар сурвалжлагч Сара Ньюи, Женнифер Ригби нар бичжээ. 

Холбоотой мэдээ