Дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгджээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-05-27 10:24:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үйлдвэрлэлийн аргаар тооцоолсон дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) энэ оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 9.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (22.5 хувь) их наяд, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 496.7 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний улиралд 10.7 хувиар багассан бол энэ оны эхний улиралд 15.7 хувиар нэмэгджээ. Улирлын нөлөөллийг арилган тооцсон, ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 0.8 хувиар нэмэгдэв.


ДНБ, 2021 оны эхний улиралд 15.7 хувиар нэмэгдсэний 7 пункт нь уул уурхай, олборлолтын, 1.8 пункт нь үйлчилгээний, 1.6 пункт нь аж үйлдвэр, барилгын салбарт, 5.7 пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногдож байна.


ДНБ, 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурсны 7.7 пунктыг уул уурхай, олборлолтын салбар хангаж байв. Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний улиралд 143.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.6 хувиар багассан нь ДНБ-д 0.3 пунктээр сөрөг нөлөөлжээ. Үүнд бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 21.8 хувиар багасаж, том малын зүй бус хорогдол 87.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөллөө.


Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний улиралд 862 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 34.1 хувиар өсжээ. Үүнд нүүрс олборлолт, металын хүдэр олборлолт, газрын тос олборлолт нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний улиралд 414.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.4 хувиар нэмэгдлээ. Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний улиралд 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 57.6 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. 

Холбоотой мэдээ