Корпорациудад дор хаяж 15 хувийн татвар ногдуулахыг сайшаажээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-06 12:45:09

ЛОНДОН. /BBC/.  Томоохон корпорациудад ногдуулах татварын доод хэмжээг 15 хувиас багагүй байлгах зарчмын талаар Долоогийн бүлгийн сангийн сайд нар тохиролцсоныг дэлхийн эдийн засгийн тоглолтод шударга дүрэм бий болгоход чиглэсэн томоохон алхам гэж үзэж буйгаа Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен бямба гарагт мэдэгджээ.


Үүнтэй холбоотойгоор Венец хотод 7 дугаар сард болох Хорийн бүлгийн уулзалтын үеэр татварын шинэчлэлийн тухай хэлэлцээрийг батлуулахаа Эдийн засгийн асуудал хариуцсан европын комиссар Паоло Жентилони амласан байна.


"Корпорацийн татварын доод хэмжээний талаар Долоогийн бүлгээс нааштай мэдээлэл өгснийг би сайшааж байна. Европын Комисс бизнесийн татварын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны түвшинг шинэчлэн сайжруулах, нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн фон дер Ляйен цохон тэмдэглэв.


Долоогийн бүлгийн шийдвэр нь Европын Комиссын хувьд татварын орчинтой хийх тэмцлийг эрчимжүүлэх үндэслэл болох юм. Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээг багаар тогтоосныхоо дараа татвар төлөлтөө хэмнэхийн тулд улс орнууд төв байруудаа өөрсдийнх нь нутаг дэвсгэрт бүртгүүлэхийг үндэстэн дамнасан корпорациудад санал болгодог аж. Тухайлбал, Люксембург, Мальта, Кипр, Ирланд болон бусад улс оронд ийм арга барилыг ашигладаг байна.  


Хэлэлцээр цаашлаад Хорийн бүлгийн хэмжээнд дэмжлэг авна гэж найдаж буйгаа Долоогийн бүлгийн сангийн сайд нар илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ