“Apple” шинэ үйлдлийн системээ танилцуулжээ

Дэлхийд | Технологи
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-08 10:37:41

НЬЮ-ЙОРК. /Kommersant/. Жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурлын эхний өдөр “Apple” компани “iPhone”, “iPad”, “Watch”, “Mac” төхөөрөмжүүдийнхээ шинэ үйлдлийн системийг танилцуулжээ.


Компани “iOS 15”, “iPadOS 15”, “watchOS 8.0”, “macOS Monterey” үйлдлийн системүүдийн эцсийн хувилбарыг ирэх намар гаргах төлөвтэй байна.


Ухаалаг гар утасны “iOS 15” шинэ үйлдлийн системд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, “iPhone” утасны үйлдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн сайжруулалт хийгджээ. Видео дуудлага хийх зориулалттай “FaceTime” хавсралтыг ашигласнаар орон зайн аудио үйлдлийг дэмжих, гадны дуу чимээг тусгаарлаж, хэрэглэгчийн дуу хоолойг илүү тод болгох замаар холбооны чанарыг сайжруулж байгаа аж. Видео дуудлагын үеэр хэрэглэгчийн арын хэсэг бүдгэрч, нүүр царай нь тодрох аж. Түүнчлэн “FaceTime”-р холбоо барих үеэр “SharePlay” үйлдлийн тусламжтай дүрс бичлэг, дуу, дэлгэцэн дээрх дүрслэлийг хуваах боломжтой юм.


Шинэ үйлдлийн системд “Бүү саад бол” үйлдлийг нэвтрүүлж, ингэснээр ямар горим дээр тавьснаас хамаарч бүх мэдэгдлийг хүлээж авах эсэхээ сонгох боломжтой аж.


Зураг хавсралтад зургуудыг төрөлжүүлэх, хайх үйлдлүүдийг сайжруулжээ. Үүнээс гадна “Дурсамж” хэсэгт “Apple Music”-с дуу нэмж оруулах боломжтой гэнэ.


Шинэ “iPadOS 15” үйлдлийн системтэй “iPad” таблетад “widget” ашиглах боломжтойгоос гадна хоёр хавсралтыг нэгэн зэрэг ажиллуулах зорилгоор дэлгэц хуваах горимыг дэмжинэ.


“WatchOS 8.0”-д хэрэглэгчийн нойроо авах хугацаанд тавих хяналт сайжирч, зүрхний цохилтын давтамжийг хэмжих замаар хөдөлгөөний идэвхтэй байдлын үзүүлэлтүүдийг нарийн тодорхой гаргах аж. 

Холбоотой мэдээ