Уйгурын нийслэл хотын хүрэл хонх

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-06-11 10:21:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн олдвор буюу Уйгурын нийслэл хотын хүрэл хонхыг толилуулж байна.

 

Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхон голын хөвөөнд оршдог VIII-IX зууны Уйгурын нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын худгийг Монгол-Германы хамтарсан Орхон экспедиц 2018 онд малтан судалсан.

 

Судлах явцад дотроос нь олон төрөл зүйлийн эд өлгийн зүйлс илэрч олдсоны дотор нангиад бичээстэй хүрэл хонх байсан нь Уйгурын хот суурингийн дурсгалаас урьд өмнө илэрч байгаагүй шинэ эх хэрэглэгдэхүүн төдийгүй тухайн үеийн гар урлал хийгээд гадаад харилцааны гэрч баримт юм.

 

Уг хонх хоёр талдаа тус бүр дөрвөн нангиад үсэгтэй. Зарим судлаач урьдчилсан байдлаар, нэг талын бичээсийг “Найман хөгжим зургаан эрдэм” юм уу эсвэл “Найман өлзий зургаан эрдэм”, нөгөө талын мөрийг “Дээр арван тэнгэрт хүрмүй” хэмээн тус тус монгол хэлнээ утгачлан орчуулсан байна. Тус бичээс нь хонхноос гарах хөг аялгууг магтан дуулсан ерөөл бэлгэдэл үгийн шинжтэй болох нь илэрхий ажээ. 

Холбоотой мэдээ