В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-11 13:06:29

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, У. Хүрэлсүхэд ОХУ-ын төрийн тэргүүн баяр хүргэсэн цахилгаан илгээсэн байна.


“Санал хураалтын дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг бүрэн батлан харууллаа. Төрийн тэргүүний хувиар явуулах таны үйл ажиллагаа хоёр улсын стратегийн цогц түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд тус болно гэж найдаж байна” хэмээн В.Путин баяр хүргэсэн цахилгаандаа дурджээ.


Энэ сарын 9-нд болсон санал хураалтын дүнгээр, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авч, сонгуульд ялалт байгуулжээ. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авсан байна. 


Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу Монгол Улсын иргэд төрийн тэргүүний албыг анх удаа зургаан жил хаших хүнийг ерөнхийлөгчөөр сонгосон юм. 

Холбоотой мэдээ