Улсын хэмжээнд иргэдийн 79.2 хувь нь вакцины бүрэн тунг хийлгэжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-06-12 12:00:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 16 833 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ. Үүнээс нийслэлд 5946, орон нутагт 10 887 хүн вакцин хийлгэсэн байна.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 960  852 нь эхний тунг,  833 299 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 929 826 хүн, хоёрдугаар тунг 804 595 хүн тариулаад байгаа юм.

 

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 890 678 хүн, хоёрдугаар тунгаар 1 637 894 хүн буюу 79.2 хувийг дархлаажуулаад байна.

 

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

Дулаан хувцаслах

Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

Эмчийн үзлэгт орох

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

 

Холбоотой мэдээ