Виртуал хөрөнгийн хуулийн төсөл өөрчлөгдөж буйд шүүмжлэлтэй хандав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-14 18:47:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэх гэж байна. Хэдийнэ бэлэн болсон хуулийн төслийн талаар салбарын оролцогчид өнөөдөр харилцан адилгүй байр сууриа илэрхийлж эхлэв. Тодруулбал, уг хуулийн төслийг Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж, стандартыг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан боловч хуулийн төсөлд санал авах, УИХ-д бэлтгэх хугацаанд “зүс”-ээ ихээхэн хувиргаж, танигдахгүй болоод байна хэмээн бизнесийн төлөөллийн байгууллагаас шүүмжлэлтэй хандаж байна. Өөрөөр хэлбэл, хөгжил авчрах бус харин ирж буй цагийн хөгжлийг боомилох хэмжээний зүйл, заалт нэмэгдсэн, төрийн хүнд суртлыг улам гүн хавчуулсан, нэг даргаас хамаарах, үзэмжээр шийдэх хэмжээнд төслийг агуулга өөрчлөгдаж байна гэж үзэж буйгаа илэрхийлж байна. Хуулийн төслийн анхны хувилбар олон хүний талархал, дэмжлэг авсан ч эцсийн мөчид салбараа зохицуулах бус шинэ тутам хөгжиж буй салбараа “самрах” хэмжээний аюул тарьж мэдэхээр байна гэжээ.

Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын "Саарал жагсаалт”-аас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг нөгөө талаар хүлээсэн. Хууль эрх зүйн орчинтой болох нь зөв гэдгийг дор бүрнээ дэмжиж буй. Гэхдээ урьдын алдаагаа дахин давтаж болохгүй. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо мөн хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэнэ бүхий дижитал буюу биет бус хөрөнгө юм.

Технологийн дэвшлүүд ар араасаа гарч, хурдацтай хөгжин зах зээлд шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх нь олширч буй. Санхүүгийн инноваци ухаалаг болж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлж байна. Үүнийг дагаад санхүүгийн хүртээмж тэлж буй. Сайны хажуугаар саар гэгчээр зарим төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нь мөнгө угаах эсвэл бусдыг залилах, хохиролд унагаж болзошгүй эрсдэл авчирч байгаа. Үүнийг ч мөн дээрх хуулиар зохицуулахаар байгаа. Зохицуулах ч учиртай. Гэвч одоогийн яваа хуулийн төслөөр бол нуухыг нь авах гээд нүдийг сохолж мэдэх нь хэмээн салбарын төлөөлөл болон бизнес эрхлэгчид хэлж байна. Технологийн дэвшлийн үр дүнд виртуал хөрөнгө зах зээлд мэндэлж, хүмүүсийн хэрэглээ болж байна. Цар тахлын дараах эдийн засаг, бизнесийн орчинд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ улам төрөлжиж, ялгарах болов.

Виртуал хөрөнгө гэж юу вэ? Шинэ технологийн үндсэн дээр үүссэн зарим хүнд “ид шид” мэт санагдах энэхүү ҮНЭ ЦЭНЭ цаашид ч бидний нэг хэсэг болж, уламжлалт ойлголтыг эвдэж, эдийн засаг, санхүүгийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэхээр байна. Дэлхийн улс орнууд ч үүнийг хүлээн зөвшөөрч, хөгжүүлэн хожиж байна.

Монгол Улсад 2019 оны байдлаар ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 2.4 сая, Facebook хэрэглэгчид 2.2 сая, интернэт хэрэглэгчид 2.9 сая байжээ. Хоёр жилийн өмнөх энэ дүн мэдээ 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд өндөр үзүүлэлт. Эндээс харахад, цахим шилжилт биеллээ олоход ойрхон байна. Үүний үндэс суурь нь хэдийнэ бүрджээ. Бүхий л салбарт цахим шилжилт хүч түрэн орж ирж, үүнд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Засгийн газар, УИХ-ын түвшинд хүчтэй яригдаж байна.

Технологийн дэвшил бидний амьдралыг олон талаар хөнгөвчилж байна. Хувийн хэвшлүүд ч өөрсдийн үйлчилгээгээ  цахимжуулахад тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, технологийн дэд бүтцийг өнгөрсөн жилүүдэд хөгжүүлж ирлээ. Дижитал шилжилт цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна урьдын уламжлалт ойлголтыг ч өөрчилж буй. Харамсалтай нь аж үйлдвэрийн IV хувьсгалын энэхүү ололт, дэвшилд төрийн байгууллагын хүнд суртал, дүрэм, журмаар боомилох ужгирсан хандлага хамгийн их саад тотгор болж, цахим шилжилтийн түүчээлэгчдийг мохоож эхэллээ. Вирутал хөрөнгийн тухай хуулийн төсөлд ч өнөө төр бүхнийг мэднэ гэсэн үзэл суртал шингэж.

Төрийн байгууллагаас иргэд, ААн-үүдэд үзүүлж буй үйлчилгээг цахимжуулж, төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Түүний тэргүүлж байгаа Засгийн газар өмнөх Засгийн газруудтай харьцуулахад цахим шилжилтийн талаар хамгийн бодитой, үр дүнтэй, бүтээлч ажиллах юм байна гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байгаа. Гэвч цахим технологийн үр дүнд төрөн гарч байгаа Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслөөр дамжуулан зорилгоо үгүйсгэх вий.

Цахим үндэстэн болох санаачилгыг хувийн хэвшил манлайлж, үлгэр дуурайлал болон ажиллаж, өөрөөр хэлбэл, дэлхийтэй хөл нийлүүлж яваа. Гэтэл төрийн дунд шатны байгууллагууд цахим шилжилтийг үгүйсгэж, уламжлалт хэв маягаар дээрх хуулийн төсөлд хандаж байгаа нь Засгийн газрын бодлоготой тэрсэлдэх нь гэсэн байр суурийг бизнесийн төлөөлөгчид илэрхийлж байна. 


Холбоотой мэдээ