“Хубилай хаан” медалиар таван эрдэмтнийг шагнана

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-06-14 18:47:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр болж, ШУА-ийн ээлжит  их чуулганы тов тогтоох, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медальд нэр дэвшсэн эрдэмтдийн асуудлыг хэлэлцлээ.


ШУА-иас Монгол Улсад Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 16-нд /БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарч БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулсан байна/ “Хүндэтгэлийн их чуулган”-аа хуралдуулахаар төлөвлөж байсан ч “Ковид-19” цар тахалтай холбогдуулан хойшлуулаад байсан юм. Улмаар энэ сарын 24-нд Хүндэтгэлийн их чуулганаа хуралдуулах санал оруулсан боловч Тэргүүлэгчдийн хурлаас мөн л өнөөгийн цар тахлын байдлыг харгалзан хугацааг хойшлуулж 2021 оны гуравдугаар улиралд багтаан Хүндэтгэлийн их чуулганаа хуралдуулах шийдвэр гаргалаа.


ШУА байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнуулахаар харьяа хүрээлэнгүүдээс эрдэмтэн судлаачдынхаа нэрсийг дэвшүүлжээ.  Тус шагналд нэр дэвшигчдээс  энэ удаа  гадаадын нэг, дотоодын 4 эрдэмтний нэрийг  тэргүүлэгч гишүүд дэмжлээ. Тодруулбал, академич Д.Баатар, сансрын нисгэгч, доктор  Ж.Гүррагчаа, ХХТХ-ийн захирал, доктор Л.Жаргалсайхан,  Археологийн хүрээлэнгийн салбарын  эрхлэгч, доктор Б.Цогтбаатар, ОХУ-ын Дубнайн цөмийн шинжилгээний институтын профессор И.В.Пузынин нарыг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж  ШУА байгуулагсдны 60 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнахаар шийдвэрлэжээ.


 

Холбоотой мэдээ