Аймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдааны шийдвэрүүд гарлаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-15 13:50:01
Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр аймгийн Шуурхай штаб, үргэлжлүүлээд, аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж, аймгийн Засаг даргын захирамжаар дараах шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээрт, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
Хоёрдугаарт, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан дээрх хугацаанд бүх төрлийн хуулийн этгээдийн цагийн хуваарь, сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг үүссэн нөхцөл байдалд үндэслэн сумын онцгой комиссын хуралдаанаар тухай бүр шийдвэр гаргаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Гуравдугаарт, Аймгийн хэмжээнд жагсаал цуглаан, хурал зөвлөгөөн, соёл урлаг, спортын арга хэмжээ болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, спорт заал, баар, караоке, компьютер болон биллиард тоглоомын газар, сүм хийдийн үйл ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалаа.
Дөрөвдүгээрт, Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахиулж эм, эмийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, халдвар авсан иргэдийг эмчлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн газар / Л.Мэндбаяр/, сумдын Засаг дарга нар, тосгодын Захирагч нарт тус тус даалгалаа.
Тавдугаарт, Халдварын тархалтаас урьдчилан сэргийлж тандалт судалгааг шуурхай зохион байгуулж, сэжигтэй тохиолдол, хавьтал бүхий иргэдээс шинжилгээ авч, халдварын голомтын цар хүрээг тогтоож, хариу арга хэмжээг авч ажиллахыг Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/, нийтийн эзэмшлийн зам талбай болон голомтын эцсийн халдваргүйтгэл хийлгэх арга хэмжээг зохион байгуулахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, Зооноз өвчин судлалын төв /Ц.Гэрэлмаа/, сумдын Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/-д тус тус даалгалаа.
Зургаадугаарт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай холбоотой мэдээллийг өдөр бүр тогтмол цагт иргэдэд цахимаар хүргэж ажиллахыг аймгийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов.
Долдугаарт, Голомтот бүс нутгаас аймаг, сумд руу зорчих иргэн тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулж, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног өнгөрснөөс бусад иргэдийг улсын Онцгой комиссын даргын 2021 оны 43 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “Гэр, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 2.2.4-т “Халдвар бүртгэгдсэн бүс нутгаас зорчиж буй иргэнийг гэрийн тусгаарлалтад 7 хоног” гэсэн заалтыг хэрэгжүүлж, энэ ажлыг зохион байгуулахад Төрийн байгууллагуудад хариуцуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
Наймдугаарт, Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээр өнгөрүүлэхээр зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар / хурандаа Б.Батсайхан/-д үүрэг болголоо.
Есдүгээрт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Ц.Чогсомжав), Шуурхай штабын дарга (хурандаа Ж.Эрдэнэбат) нарт тус тус даалгалаа.
Холбоотой мэдээ