Чингис хотын захирагч өрхийн тариаланг дэмжиж ажиллана

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-15 17:57:51

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ЗДТГ-ын хамт олон өрхийн тариалалтыг дэмжих зорилгоор 15 өрхөд төмсхүнсний ногооны үр өгчээ.

Түүнчлэн улсын хэмжээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнөж байна. Энэ хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн төмс, хүнсний ногооны үрийг хот, хөдөөгийн 10.5 мянган өрхөд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож эхэлжээ. Ингэснээр хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж төлөвлөсөн байна.

Хэнтий аймагт 600 гаруй өрх төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, аймгийн иргэдийн хэрэгцээний 70 гаруй хувийг хангадаг. Харин Хэрлэн суманд 20 гаруй ногоочин аж ахуй эрхэлдэг бөгөөд өнгөрсөн онд нийт 2000 гаруй тонн төмс, хүнсний ногоог хураан авчээ. Цаашид өрх бүрийг өөрийн хэрэгцээндээ болон өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хүнсний ногоо тариалж, газрын шимийг хүртэхэд дэмжин ажиллахаа Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг мэдэгдлээ.

Өрх бүр эзэмшил газрынхаа үнэ цэнийг мэдэрч, тариаланч болсноор өөрийн тарьсан ногоогоо ургаж байгааг харан, усалж арчлах зэргээр өдөр тутмын амьдралын зөв хэмнэлтэй болж, эрүүл мэнд, сэтгэл санааны тайвшрал, баяр хөөрийг мэдэрдэг. Мөн намар ургацаа хураан эрүүл, тэжээллэг, амттай ногоог хэрэглэн эдийн засгаа хэмнэж, илүү гарсныг зарж борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлнэ. Түүнчлэн гэр бүлийн гишүүдтэйгээ хамтдаа төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьснаар гэр бүлийн харилцаа бэхжиж, хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөөс гадна хүүхэд багачууд байгаль орчны талаар мэдлэг мэдээлэлтэй, хөдөлмөрч болж төлөвшинө гээд олон талын ач тустай юм.

Холбоотой мэдээ